ЖИНХЭНЭ БАЯЛГИЙГ ХЭРХЭН ОЛЖ АВАХ ВЭ?

ЖИНХЭНЭ БАЯЛГИЙГ ХЭРХЭН ОЛЖ АВАХ ВЭ?

Эд баялаг чинь хаана байна, зүрх сэтгэл чинь бас тэнд байх болно.  Лук 12:34

Есүс энэ дэлхий дээр амьдарч байхдаа сургасан олон сургаал тухайн үедээ хүмүүст таалагддаггүй байсан. Зохиолч Энди Алкорн “"Есүсийн нийт сургаалын 15 хувь нь эд баялаг болон эд баялагт хэрхэн хандах тухай байсан” гэж хэлсэн. Есүс чинээлэг хүмүүст хандан Өөрт нь биш харин ядуу зүдүү, дутагдаж гачигдсан хүмүүст эд хөрөнгөө зориулж, түүгээрээ тэнгэрт эд баялаг хураахыг уриалсан.
Есүс нэгэн чинээлэг залууд "Чамд нэг л юм дутаж байна. Явж, өөрийн гэсэн бүхнээ зарж, ядууст өг. Тэгвэл чи тэнгэрт эрдэнэстэй болно. Тэгээд ирж, Намайг дага” (Марк 10:21) гэж хэлсэн. Олон хүн зөвхөн хурааж хуримтлуулж, өөртөө ихийг авахыг хүсдэг. Харин Есүс “Бид өөрт байгаагаа бусдын төлөө зориулах нь тэнгэрт баялаг хураах чухал алхам” гэж сургасан.
Нэгэн удаа Есүс сүмд хоёр зэс зоос өргөсөн ядуу бэлэвсэн эмэгтэйг хараад “Үнэнээр Би та нарт хэлье. Энэ ядуу бэлэвсэн эмэгтэй бүгдээс илүү өргөлөө” гэж хэлсэн. Мэдээж Түүний энэ үг олны нүдэн дээр арвин их өргөл барьц өргөж, өгөөмөр сэтгэлийнхээ төлөө сайшаал магтаал горилж байсан хүмүүст таалагдаагүй нь мэдээж. 
Өөр нэгэн удаа Есүс нэгэн мундаг бизнесмэн хүний тухай сургаалт зүйрлэл ярьсан. Тэр хүн өөрийнхөө жижиг агуулахыг нурааж илүү том агуулах барихаар төлөвлөж байв. Гэвч тэр хүнийг Есүс мунхаг хэмээсэн. Учир нь тэр хүн газар дээр асар их эд баялаг хураасан ч сүнслэг баялаг хураасангүй. Тиймээс үхэлтэй нүүр тулахын цагт тэр бүх эд баялгаа орхиод явна. Харин тэр тэнгэрт ямар ч эд баялаг хураасангүй. 
Тэнгэр дэх баялгийг биднээс хэн ч булааж авч чадахгүй. Тэрээр тэнгэрлэг мэргэн ухаанаар бидэнд сургахдаа хэрвээ бид бусдад өгөөмрөөр өгөх юм бол Бурхан бидэнд бүр ч илүүг өгөх болно хэмээсэн. Учир нь Бурхан хэнд ч өртэй хоцордоггүй. Тиймээс ч Есүс дагалдагчдадаа сургахдаа “Өгөгтүн, тэгвэл та нарт өгөгдөх болно. Тэгэхдээ шахагдсан, чигжсэн мөн бялхсан сайн хэмжээгээр өвөр дээр чинь асгарах болно. Өөрсдийнхөө хэмжсэн хэмжээсээр та нар хариуд нь хэмжигдэх болно" (Лук 6:38) гэсэн. Эд баялгаа бусдад зориулах тусам улам илүү эд баялгийг хураадаг тухай энэ чухал үнэнийг ойлгоогүй хүмүүс маш олон байдаг. Тэд Есүсийн энэ сургаалыг “зүгээр л зүйрлэл” гэж үгүйсгэдэг.
Өөр нэгэн удаа Есүс дагалдагч нараа тайвшруулан, дотночлон “Өчүүхэн сүрэг ээ, бүү ай. Эцэг чинь хаанчлалаа та нарт өгөхийг баяртайгаар сонгосон юм. Өмч хөрөнгөө худалдаад өглөг өг. Хэзээ ч хуучрахгүй уутыг өөрсдөдөө зэх, шавхагдашгүй баялгийг тэнгэрт хураа. Тэнд хулгайч ойртохгүй, хивэн хорхой сүйтгэхгүй” (Лук 12:32-33) хэмээн хэлсэн.
Энд Есүс нэг дор өчүүхэн сүрэг болон тэнгэрийн хаанчлал гэсэн зүйрлэлүүдийг ашигласан. Есүс энэ дэлхийд ирэхдээ төөрсөн хонинуудыг Эцэгийн хаанчлалд аваачихаар ирсэн. Хонин сүрэгт заавал хоньчин хэрэгтэй. Харин Есүс Өөрийгөө Сайн Хоньчин бөгөөд Өөрийнх нь хонин сүрэг Өөрийнх нь дуу хоолойг таньдаг гэж хэлсэн. Харин аливаа хаанчлалд заавал хаан байх ёстой байдаг. Харин тэнгэрийн хаанчлалын Эзэн Хаан нь ч мөн Есүс Христ. Тэгвэл тэрхүү тэнгэрийн улсад баялагтай болохыг хүсвэл бид энэ дэлхий дээр хүмүүсийн хамгийн их хүсдэг тэр зүйлээс татгалзаж чаддаг байх ёстой. Энэ бол эд баялаг.
Бид мөнгө, эд баялагт хэрхэн хандаж буйгаас бидний жинхэнэ эд баялгийн хэмжээ харагддаг. Бидний эд баялаг хэр их байхаас үл шалтгаалан тэр бүхнээ Бурханы хаанчлалын төлөө золиостойгоор, өгөөмрөөр зориулахад бэлэн байвал бидний тэнгэр дэх эд баялаг ч тэр хэмжээгээр арвин болно.

ЭНЭ ДЭЛХИЙН БАЯЛГААС ИЛҮҮ ТЭНГЭРИЙНХИЙГ...