ӨДӨР БҮР ХЭЛЭХ ЁСТОЙ ҮГ

ӨДӨР БҮР ХЭЛЭХ ЁСТОЙ ҮГ

Нөхрүүд ээ, Христ чуулганыг хайрлаад түүний төлөө Өөрийгөө өгсний адил эхнэрүүдээ хайрла. Ефес 5:25

Үүнчлэн настай эмэгтэйчүүд зан байдлаараа ариун чанарт тохирч, гүтгэгч бус, дарсанд хэт боолчлогдолгүй, сайныг заах ёстой. Ингэснээр тэд залуу эмэгтэйчүүдийг нөхөр, хүүхдүүдээ хайрладаг, нөхөртөө захирагдан ухаалаг, цэвэр явдалтай, гэрийн эзэгтэй, энэрэнгүй байхад сургах юм. Тэгвэл Бурханы үг муу хэлэгдэхгүй. Тит 2:3-5

Та “Шинэхэн хосуудын тоглоом”-ын талаар сонсож байсан уу? Хөтлөгч хосуудыг эрэгтэй эмэгтэйгээр нь хоёр хувааж адилхан асуултыг тус тусад нь асуудаг. Тэгээд асуултанд хэрхэн хариулснаас нь хосууд бие биеэ хэр мэддэг болохыг нь олж мэддэг.
Хөтлөгч нэг бүсгүйгээс “Нөхөр чинь хамгийн сүүлд танд хэзээ “Би чамд хайртай” гэж хэлсэн бэ?” гэж асууж. Гэтэл тэр бүсгүйн хариулт хөтлөгчийн гайхшралыг ихэд төрүүлжээ. Учир нь хамгийн сүүлд нөхөр нь түүнд хайртай гэдгээ маш олон жилийн өмнө хэлжээ. Дараа нь нөхрийг нь оруулж ирээд асуутал яг л адилхан хариулт өгчээ. Хөтлөгч энэ эвгүй нөхцөл байдлыг чимээгүйхэн өнгөрүүлэхийг хичээсэн ч нөхөр нь хүмүүст хандан “Би эхнэртээ хайртай гэдгээ хуримлах үедээ хэлсэн. Хэрвээ би бодлоо өөрчилбөл үүнийгээ хэлнэ” гэжээ.
Нөхрүүдийн хувьд эхнэртээ хайртай гэж хэлэхгүйгээр хайрлах боломжтой. Нөгөөтэйгүүр эхнэрүүд ч ялгаагүй “хайртай” гэдэг үгийг сонсолгүйгээр нөхрийнхөө хайрыг мэдрэх боломжтой. Гэхдээ хүн бүрийн дотор хайраар дүүрэх ёстой хоосон орон зай байдаг. Хэрвээ бид энэ орон зайг хайраар дүүргэхгүй юм бол ганцаардал болон зүрх сэтгэлийн хоосрол бидний дотор үлдсэн өчүүхэн төдий хайрыг ч үгүй хийх аюултай. Хүмүүст өөрийнхөө хайрыг энхрийлэх, бэлэг өгөх, туслах болон үгээрээ илэрхийлэх гэх мэт олон арга замаар илэрхийлдэг болохыг Др.Гари Чапман өгүүлсэн. Эдгээрийг Др.Гари Чапман хайрын хэл хэмээн нэрлэсэн юм. 
Эхнэртээ цэцэг авчирч өгч буй эр хүн үүгээрээ хайраа илэрхийлж байгаа хэрэг. Үүний нэгэн адил гал тогооныхоо эвдэрсэн угаалтуурыг засаж, байрныхаа мөнгийг төлөх үедээ ч тэр хүн хайраа илэрхийлж болно. Гэтэл сонирхолтой нь зарим соёлд хайраа хэзээ ч үгээр илэрхийлдэггүй. Тиймээс эцэг эх нь хайраа үгээрээ илэрхийлдэггүй гэр бүлээс гаралтай хүмүүсийн хувьд хайраа үгээрээ илэрхийлэх нь тийм ч амар байдаггүй. 
Зарим нөхрүүд эхнэртээ маш их хайртай хэрнээ түүнийгээ үгээр илэрхийлэн хэлж тэр бүр чаддаггүй. Ийм нэг нөхөр эхнэртээ хайртай гэж хэлэхээр шийдэж гэнэ. Тэгээд удтал бодсоны эцэст Баасан гарагийн орой ажлаасаа харьж очоод эхнэртээ хайртай гэдгээ хэлэхээр шийдэв. Тэгээд эхнэрээ гал тогооныхоо өрөөнд хоолоо хийж байхад нь ороод түгдэрч сандран байж “Хонгор минь, би чамдаа маш их хайртай шүү” гэж хэлжээ. Гэтэл гэнэт эхнэр нь асгартал уйлжээ. “Миний хэлсэн үг чамд таалагдаа юу?” гэж нөхөр нь гайхан асуухад эхнэр нь “Би өдөржин л бүтэлгүйтлээ. Өглөө ээжийн бид хоёрт хуримаар бэлэглэсэн дурсгалтай аягыг хагалчихсан. Гэтэл дээрээс нь чи согтуу ирчихээд хачин, хачин юм яриад. Энэ бүгдийг би тэсэхгүй нь” гэж хэлсэн гэдэг. 
Эцэст нь хэлэхэд, хэрвээ та хайртай гэдгээ хэлж чадахгүй байгаа бол цаасан дээр бич. Ямар нэгэн арга замаар заавал үүнийгээ илэрхийлэн гарга. Захидал, ил захидал гэх зэрэг олон арга замаар та хайртай хүндээ хайраа илэрхийлж болно.

ХАЙР БОЛ ҮЙЛДЭЛ БАС ҮГ ХЭЛ.