ХАЙР ХАЛАМЖАА ИЛЭРХИЙЛЭХ ХАМГИЙН ШИЛДЭГ АРГА

ХАЙР ХАЛАМЖАА ИЛЭРХИЙЛЭХ ХАМГИЙН ШИЛДЭГ АРГА

Тиймээс нөхрүүд ч эхнэрүүдээ өөрийн бие адил хайрлах ёстой. Эхнэрээ хайрлагч нь өөрийгөө хайрладаг. Учир нь хэн ч хэзээ ч өөрийн махбодыг үзэн яддаггүй, харин ч тэжээж, халамжилдаг. Христ мөн чуулганд ийнхүү ханддаг. Ефес 5:28-29

Өнөө үед нэгэн эмгэг маш түгээмэл тохиолдох болж үүнээс болоод хүмүүсийн хоорондын харилцаа сэвтэх болсон. Энэхүү эмгэгт голдуу эрчүүдээс гадна хүүхдүүд, өсвөр насныхан өртөх болжээ. Үүнийг “ТЗМД” синдром буюу “Түр зуурын марталт болон дүлийрлийн синдром” юм. Харамсалтай нь энэ синдромыг мэдрэлийн эмч нар биш төдийлөн илрүүлж чаддаггүй. Харин эхнэрүүд болон найз охид нь хамгийн сайн илрүүлдэг. 
Тэгвэл эрчүүд юуг мартдаг вэ? Төрсөн өдөр, ойн баяр, тэмдэглэлт өдрүүдийг мартдаг. Бас дэлгүүр яваад ирэхдээ эхнэрийнхээ битгий мартаарай гэж чухалчлан захисан зүйлийг авахаа мартчихдаг. Заримдаа тэд хүүхдүүдийнхээ нэрийг хүртэл мартаж хольж сольдог.  
Тэгвэл эрчүүд юун дээр дүлий юм шиг болчихдог вэ? Эхнэр нь нөхрөөрөө ямар нэг зүйл хийлгэх гэж гуйх үед заримдаа нөхрүүд нь тэднийг сонсохоо больчихдог. Гэтэл зурагтаар хөлбөмбөг, сагсан бөмбөг гарахаар нөхрүүд нь гэнэт сонсгол ордог. Бас оройн хоол, төлбөр төлөх нэхэмжлэх шуудангаар ирэх үед нөхрүүд нь сонсголтой болчихдог гэнэ. Гэтэл эрчүүд үүнийгээ бараг огт анзаардаггүй. Харин ч ихэнх тохиолдолд тэд асуудал өөрсдөд нь биш харин эхнэрт нь байна гэж боддог.
Энэ залуугийн жишээ эрчүүдэд танил байж болох юм. “Заримдаа эхнэр бид хоёр хоорондоо зөвөөр харилцаж, ойлголцож чадахаа байчихдаг. Тэр үргэлж хэтэрхий их нарийн ширийн юм шаарддаг. Тэгсэн хэрнээ намайг юм хэлэхээр дараа нь “Чи ингэж хэлээгүй” гэж мэлздэг. Эсвэл “Наадахаа надад өмнө нь хэлэхгүй яасан юм бэ?” гэдэг. Би хэлсэн гэдгээ аятайхан хэлэхээр урдаас үгүйсгэдэг. Энэ асуудлыг бид яаж шийдэх вэ?”.
Энэ асуудлыг шийдэхийн тулд эхлээд эрэгтэй эмэгтэй хүмүүс харилцааг хоёр өөрөөр ойлгодог гэдгийг ухаарах ёстой. Үнэндээ эрчүүд өөрсдийгөө харилцааны тал дээр харьцангуй чадварлаг гэж боддог. Гэтэл нөгөө талд эмэгтэйчүүд эрчүүдийг тийм ч сайн харилцагчид биш гэж үздэг. Ерөнхийдөө эмэгтэйчүүд эрчүүдээс илүү өөрийгөө илэрхийлэх хандлагатай байдаг. Бас эмэгтэйчүүд эрчүүдээс илүү сэтгэлийн хөдөлгөөнтэй. Эрчүүдийн хувьд бодит баримт дээр тулгуурлан ярьж, өөрийн үзэл бодол байр суурийг илэрхийлэх хандлагатай. Тэд ийнхүү өөрийн үзэл бодлыг илэрхийлэн хэлсэн бол тухайн харилцааг дууслаа гэж үздэг. Гэтэл эмэгтэйчүүд эсрэгээрээ илүү сэтгэл хөдлөл, мэдрэмжээ хуваалцахыг хүсдэг. Тийм учраас эмэгтэйчүүдийн хувьд нарийн ширийн зүйлс чухал байдаг.
Тэгвэл эрчүүдийн хувьд яагаад өөрсдийн дотоод мэдрэмж, бодлуудаа эхнэр болон найз охиноосоо нуудаг юм бол? Яагаад эрчүүд энд гарч байгаа шиг үе үе дүлий, мартамхай болчихдог вэ? Заримдаа энэ нь эрчүүдийн хувиа хичээсэн зангаас болдог. Харилцаа нь бидний хайртай хүмүүст ямар чухал болохыг тэр бүр анхаарч боддоггүй. Нөгөөтэйгүүр буруугаар ойлгогдох, түлхэгдэн гологдохоос айдаг. Тиймээс ч зарим эрчүүд өөрт байгаа бүхнээ хуваалцахад бэлэн байдаг хэрнээ зүрх сэтгэлийнхээ гүнд байгаа мэдрэмжээ л хуваалцдаггүй.
Хэрвээ танд ийм эмгэг ажиглагдаж байгаа бол эмчид очоод нэмэргүй. Тэмдэглэл хөтөлбөл тус болох ч жинхэнэ хариулт таны дотор оршиж байгаа. Эр хүн та чин сэтгэлийн харилцаагаараа дамжуулан эхнэртээ, гэр бүлийнхэндээ анхаарал халамжаа үзүүлж сур. Энэ бол таны хувьд гэр бүлийнхэндээ хайр халамжаа харуулах хамгийн чухал алхам байх болно. Та заавал хичээж үзээрэй.

ХАРИЛЦАА БОЛ ХАЙР ХАЛАМЖАА ХАРУУЛАХ АРГА.