БИД БҮГДЭД ХЭРЭГТЭЙ НЭГЭН ЧУХАЛ ЧАДВАР

БИД БҮГДЭД ХЭРЭГТЭЙ НЭГЭН ЧУХАЛ ЧАДВАР

Эцэг Намайг хайрласны адил Би бас та нарыг хайрласан. Хайранд минь байгтун. Би Эцэгийнхээ тушаалыг сахиж, хайранд нь байдаг лугаа адил, та нар тушаалыг минь сахивал хайранд минь байх болно. Иохан 15:9-10

Хэдийгээр гэр бүлийнх нь амьдрал төдийлөн жаргалтай байгаагүй ч Английн нэрт зохиолч Чарльз Дикенс харилцааны ач холбогдлыг бүрэн ухамсарласан нэгэн байжээ. Тэрээр “Зүрх сэтгэлээ нээсэн хүндээ уруулаа ч бас нээж бай” хэмээн бичсэн. Жинхэнэ хайрын түлхүүр нь харилцаа гэдгийг Дикенс ойлгосон байв. Гэхдээ зөвхөн үүний төлөө л бид харилцааны чадварт суралцах ёстой юу гэвэл мэдээж үгүй.

1. Та ажилдаа амжилт гаргая гэвэл харилцааны ур чадвар зайлшгүй шаардлагатай. Өөрийгөө бусдад илэрхийлж чаддаггүй хүн амжилтад хүрэх нь ховор. Бодит баримтууд чухал ч бодол санаа, мэдрэмжээ илэрхийлэн бусдад хүргэж чаддаг байх нь түүнээс дутахгүй чухал. Тэгж байж бид бусдын дотор гал асааж чадна. Тийм учраас томоохон компаниуд удирдагчдынхаа харилцааны чадварыг нэмэгдүүлэхийн тулд жил бүр маш их мөнгө зарцуулдаг.

2. Та бусдад итгэлээ хуваалцахын тулд харилцааны ур чадвараа хөгжүүлэх ёстой. Есүс дагалдагч нартаа чуулган байгуул гэж хэлээгүй. Хэдийгээр итгэгчид маш олон тооны эмнэлэг, сургууль байгуулсан ч үнэндээ Есүс тийм үүрэг өгөөгүй. Харин Есүс “Явж дагалдуул” гэж хэлсэн. “Та нар Намайг гэрчлэх болно” гэж хэлсэн (Үйлс1:8). Гэрчлэгч гэдэг нь “Би үүнийг харсан” хэмээн гэрчилдэг хүн юм. Ийм хүнд өөрийгөө илэрхийлэх чадвар хэрэгтэй. Гэтэл миний харсан олон итгэгчид өөрийгөө маш сайн илэрхийлдэг хэрнээ итгэлээ хуваалцах болохоор таг гацчихдаг. Бид ийм байж болохгүй.

3. Бид харилцааны ур чадвараа сайжруулснаар гэр бүлийн амьдралдаа амжилттай байж чадна. Учир нь бидний хань ижил бидний бодол санааг уншиж чадахгүй. Тиймээс бид өөрсдийгөө илэрхийлж сурах хэрэгтэй. Гэтэл олон тохиолдолд хүмүүс “Хэрвээ тэр надад үнэхээр хайртай л бол надад юу хэрэгтэй байгааг мэдэх ёстой” хэмээн эндүүрдэг. Үнэндээ тийм байдаггүй. Хүмүүсийн хувьд бие биеэ таньж мэдэх маш чухал. Бид хэн нэгэн хүнийг таньж мэдэлгүйгээр хайрлах боломжгүй. Гэтэл зарим тохиолдолд бид хэн нэгэн хүнийг таньж мэдэх тусам тэр хүнийг хайрлах нь битгий хэл харьцах ч хүсэлгүй болох тохиолдол бий. Тиймээс хайрлахаасаа өмнө харилц. Бас хайрыг бөхөөхгүйн тулд харилцаатай бай.

Тэгвэл бид бусадтай хэрхэн харилцах вэ? Зүгээр л толгойд орсон бүхнээ яриад байх уу? Үр нөлөөтэй харилцааг бий болгоход үзэл бодол, мэдлэг мэдээлэл, мэдрэмж бүхнээ харилцан хуваалцдаг байх нь чухал. Харилцаа гэдэг үгэнд “харилцах” гэдэг утга санаа бий. Өөрөөр хэлбэл нэг хүний илэрхийлсэн утга санааг цаад хүн нь хүлээж аваад, бодож боловсруулаад хариу өгнө гэсэн үг. Энэ нь яг л теннис тоглохтой адил.  

Зүйрлүүлбэл харилцаа эхлүүлж байгаа хүн нөгөө хүн рүүгээ бөмбөг гаргаж байнаа гэсэн үг. Теннис тоглох үед бөмбөг гаргаж байгаа хүн нь нөгөө хүнийхээ талбайд бөмбөгөө буулгаж байж нөгөө хүн нь хариу цохидог. Үүний нэгэн адил харилцааг эхлүүлэхдээ ч мөн нөгөө хүнийхээ хүлээн авах боломжтой талбайд бөмбөгөө буулгах нь чухал. Энэ мэтээр харилцааг хэрхэн өрнүүлэхээс бидний амжилт эсвэл бүтэлгүйтэл хамаатай.

БИД МЭДРЭМЖ, БОДОЛ САНААГАА БУСДАД ЗӨВӨӨР ОЙЛГУУЛЖ, ХАРИЛЦАЖ ЧАДВАЛ АМЬДРАЛ ИЛҮҮ САЙН САЙХАН БОЛНО.