БУРХАН ОДОО Ч ДЭЛХИЙ ЕРТӨНЦИЙГ УДИРДСАН ХЭВЭЭРЭЭ ЮУ?

БУРХАН ОДОО Ч ДЭЛХИЙ ЕРТӨНЦИЙГ УДИРДСАН ХЭВЭЭРЭЭ ЮУ?

Учир нь та нар бүгд гэрлийн хөвгүүд, өдрийн хөвгүүд юм. Бид шөнийнх ч, харанхуйнх ч биш. 1 Тесалоник 5:4,5

Маш олон эрдэмтэн мэргэд өнөөдрийн бидний амьдралд Бурханы оролцоо ямар байдаг талаар маргаж мэтгэлцсээр ирсэн. Өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт өрнөж байгаа үйл явдлуудыг харахдаа олон хүн Бурхан энэ дэлхийг үнэхээр хяналтдаа байлгаж байгаа гэж үү? хэмээн гайхдаг. Тэдний олонх нь Бурхан энэ дэлхийг бүтээсэн байж болох ч энэ дэлхийг хүн төрөлхтний мэдэлд өгчихөөд орхиод явчихсан мэтээр төсөөлдөг.

Жорж Бернард Шоу ч бас үүнтэй адил утгатай үг хэлсэн. Тэрээр өөр гараг дээр амьдрал байдаг эсэхт эргэлзэж явдаг тухайгаа хэлээд “Хэрвээ өөр гараг дээр амьдрал байдаг бол энэ дэлхийг галзуучуудаа хорихын тулд бий болгосон байх” хэмээсэн. Хэдийгээр ийм бодолтой хүн олон байдаг ч хэрвээ бид нөхцөл байдлыг нухацтай судалж, түүхэн үйл явдлуудыг Библийн эш үзүүллэгүүдтэй харьцуулан харвал энэ дэлхий дээр өрнөж буй онцгой үйл явдлууд, улс үндэстнүүдийн мөхөл сэхлийн асуудлууд бүгд Бурханы удирдамжийн дагуу өрнөдгийг ойлгоно.

Ялангуяа Хуучин гэрээнд Бурхан улс үндэстнүүдийн хувь тавиланг шийдэх чухал үйл явдлуудад хөндлөнгөөс оролцсон түүх олон гардаг. Энэ бүхнээс харахдаа энэ дэлхийг захирах үүрэг хариуцлагыг Бурхан хүмүүст үлдээж орхиогүй гэдэг нь тодорхой. Мөн Хуучин гэрээний эш үзүүллэгүүд Александрын сэргэн мандалт болон түүний хаант улсын хуваагдал, Меде Персүүдийн нөлөөгөөр сүйрсэн Вавилон гүрний мөхөл, Ромын Эзэнт гүрний сэргэн мандалт, Есүс Христийн төрөлт, загалмайн үхэл, Түүний амилсан түүх гэх зэрэг олон түүхэн үйл явдалтай яв цав тохирдог.

Хэрвээ Бурхан өнөөдөр хэрхэн ажиллаж байгааг та олж харж чадахгүй байгаа бол дараах зарчмуудыг эргэцүүлэн бодоорой. Нэгдүгээрт, Бурхан Өөрийн сонгосон хүмүүсээр дамжуулан хүслээ гүйцэлдүүлдэг. Бурхан Мосе, Давид, Елиа, Рут, Мариа, Паул болон Есүсийн 12 дагалдагчаар дамжуулан хэрхэн ажиллаж, тэднээр дамжуулан дэлхий ертөнцөд хэрхэн хүчтэй нөлөөлж байсныг Библиэс уншиж болно. Бурхан өнөөдөр ч үүний нэгэн адил хувь хүмүүсээр дамжуулан ажилласаар, энэ дэлхийд хандсан Өөрийнхөө зорилгыг гүйцэлдүүлсээр байна.

Хоёрдугаарт, Бурхан эмх цэгц, зүй тогтолтойгоор өрнөж буй үйл явцаар дамжуулан ажилладаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Гэхдээ нөгөөтэйгүүр хэрвээ түүх сөхвөл Бурхан хөндлөнгөөс гайхамшигтайгаар оролцсон үйл явдал ч олон бий. Жишээ нь 1588 онд хүчит салхи дэгдэж Испанийн Армадаг сүйрүүлээгүй бол Англи улс оршин тогтнох боломжгүй болох байлаа. 1941 онд Данкиркт их манан дэгдээгүй бол холбоотны арми цэргүүдээ нүүлгэн шилжүүлэх боломжгүй болох байсан. Энэ бүх үйл явдалд Бурхан хөндлөнгөөс оролцсон гэж маш олон хүн итгэдэг.

Бурхан хүмүүсийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох үед үүнийг бид Бурханы гайхамшигтай оролцоо гэж нэрлэдэг. Гэтэл Бурхан ихэнх тохиолдолд хүмүүсийн дунд өрнөж байгаа эгэл жирийн үйл явдлуудаар дамжуулан ажилладаг. Бидний хувьд эгэл жирийн санагддаг олон зүйл, жишээ нь байгалийн хууль өөрөө гайхамшигтай билээ.

Эцэст нь, та Бурхан энэ дэлхийн амьдралыг удирдан жолоодсоор байгаа гэдэгт итгэж чадахгүй байгаа бол амьдарч буй энэ цаг үеэ анхааралтай ажигла. Та Библийн Матай 24, 25-р бүлэг, 1 Тесалоник 4-р бүлэг, 1 Тимот 4-р бүлгийг уншаад бидний амьдарч буй цаг үеийг хэрхэн оновчтойгоор урьдаас хэлснийг олж хараарай. Та тэр бүхнийг хараад гайхах болно. Гэхдээ гайхах хэрэггүй. Учир нь дэлхий ертөнц дээрх бүх зүйлийг Бурхан одоо ч Өөрийн хүслийн дагуу удирдсаар байна.

ТҮҮНИЙ МУТАРТ БҮХНИЙГ ХӨДӨЛГӨХ АЛСЫН УДИРДЛАГА БАЙГАА.