ӨДӨР ТУТМЫН АМЬДРАЛДАА БУРХАНЫ ДУУ ХООЛОЙГ ХЭРХЭН СОНСОХ ВЭ?

ӨДӨР ТУТМЫН АМЬДРАЛДАА БУРХАНЫ ДУУ ХООЛОЙГ ХЭРХЭН СОНСОХ ВЭ?

Харин тэр өдөр, цагийг хэн ч эс мэднэ. Тэнгэрэлчүүд ч, Хүү ч мэдэхгүй. Зөвхөн Эцэг л мэднэ. Матай 24:36

Жим Уоррен бусад олон мянган хүний адил Бурханд итгэдэг. Тэр Ням гараг бүр биш ч ихэнх Ням гарагуудад цуглаанд явдаг байв. Гэр бүлээ тэжээхийн тулд шаргуу хөдөлмөрлөдөг, сайн хүн байсан. Тэрээр эхнэртээ үнэнч, үе үе хүүхдүүдтэйгээ загасчилдаг байлаа. Үнэндээ Жимд Бурханы хэрэг байсангүй. Түүний амьдралд сайн сайхан зүйл хангалттай олон байв.

Гэтэл Өмнөд Калифорниаг донсолгосон аймшигт газар хөдлөлт болж, дараагийн Ням гарагт нь Жим Уоррен цуглаанд иржээ. Би тэр цуглаанд пастораар үйлчилдэг байсан учир тэр өглөө номлож, сэдэв нь “Газар хөдлөлтийг сонс” байлаа.

“Та хүмүүсийг айлгах гэж оролдож шүү” гэж та бодож байж болох юм. Үгүй ээ, би айлгаагүй. Газар хөдлөлт л айлгасан. Бид байгалийн гамшиг бүрээс Бурханы дуу хоолойг сонсож болно. “Амьдрал мөнх биш. Энэ дэлхий дээрх бүхий л амьдралд төгсгөл гэж бий. Зарим хүмүүс өндөр наслаад энэ дэлхийг орхидог бол зарим нь гэнэтийн байгалийн гамшгийн улмаас зуурдаар хорвоог орхидог”. Би ингэж л хэлсэн.

Тэр Ням гарагт Жим болон өөр дөрвөн залуу Есүс Христэд итгэж, Түүнийг Аврагчаа болгон хүлээн авах шийдвэр гаргаж тэдний амьдрал үүрд өөрчлөгдсөн билээ. Си.Эс.Льюис “Зовлон бол бидний анхаарлыг Өөртөө хандуулдаг Бурханы чанга яригч” гэж хэлсэн. Үргэлжлүүлэн “Харин таны амьдарч байгаа газарт байшин барилга нурж, хөл доорх газар чинь дайвалзаж, хана тааз нурж байгаа бол Бурханд чанга яригч хэрэггүй болжээ гэдгийг та ойлгох болно. Учир нь Бурхан аль хэдийнэ таны анхаарлыг Өөртөө татжээ” гэсэн хэлсэн юм.

Энэ дэлхий дээрх үйлчлэлийнхээ төгсгөл үед Есүс дагалдагч нартайгаа Чидун ууланд залбирсан. Тэднийг тэндээс Сион уулан дээрх сүмийг хараад сууж байхад дагалдагч нар нь Есүсийг асуултаар булж орхидог. Есүсийг хэзээ дахин ирэх вэ? Тэр үед ямар тэмдэг байх вэ? Энэ бүхэн хэзээ болох вэ? Түүний дахин ирэлтийг бид хэрхэн таних вэ? Есүс дахин ирэлтийн тухай өгүүлэхдээ олон зүйлийг өгүүлсний дотор нэг зүйлийг маш тодорхой хэлсэн. Тэр нь ГАЗАР ХӨДЛӨЛТ! Дэлхий дээрх бүхий л Библийн багш нар бусад зүйлс дээр нь санал зөрж болох ч энэ л зүйл дээр нэгддэг. Түүний дахин ирэлтийн нэгэн чухал тэмдэг бол газар хөдлөлтүүд юм.

Эцэст нь хэлэхэд Жим Уоррены амьдралыг газар хөдлөлт өөрчлөөгүй. Харин Бурханд итгэсэн итгэл түүнийг өөрчилсөн. Гэхдээ газар хөдлөлт түүнийг аливааг өөр өнцгөөс харахад нь тусалсан төдий. Хэдэн жилийн дараа Жим хорт хавдраар өөд болов. Гэхдээ Жим үлдсэн амьдралынхаа турш газар хөдлөлтийн тухай тэр нэгэн номлолыг сонссондоо хэзээ ч харамсаагүй.

Эш үзүүлэгч Иоел Эзэний үгийг дамжуулахдаа “Би тэнгэр ба газарт совин ёр үзүүлнэ. Тэр нь цус, гал, утаан багананууд болой. ЭЗЭНий агуу, аймшигт өдөр ирэхийн өмнө нар харанхуйлж, сар цус мэт болно (Иоел 2:30-31) хэмээн хэлсэн.

Тиймээс та эргэн тойронд чинь болж буй бүхнээс Бурханы дуу хоолойг олж сонсоорой. Газар хөдлөлт, мандах нар, өвчин зовлон, үхэл хагацал эсвэл хорвоод мэндэлсэн шинэ хүнээс Бурханы дуу хоолойг олж сонсоорой. Заримдаа Бурханы дуу хоолой яг л намуухан шивнээ мэт байдаг бол заримдаа Бурхан бидний анхаарлыг татахын тулд дуугаа өндөрсгөдөг.

БУРХАН БИДЭНТЭЙ МАШ ТОДОРХОЙ ЯРЬДАГ.