БУРХАН ХЭР ХОЛ БАЙДАГ ВЭ?

БУРХАН ХЭР ХОЛ БАЙДАГ ВЭ?

Эх нь хүнийг тайвшруулах адил Би та нарыг тайвшруулж та нар Иерусалимд тайвшрах болно. Исаиа 66:13

Бурхан хэр хол байдаг вэ? Хариулахад хэцүү асуулт байгаа биз? Бурхан болон бидний хоорондох зайг юугаар хэмжих вэ? Км-ээр үү? Эсвэл эрдэмтэд шиг гэрлийн жилээр үү?

Эхлэл номын 1-р бүлэгт “Эхэнд Бурхан тэнгэр газрыг бүтээжээ” хэмээн бичигдсэн байдаг. Энэ үгийг үнэн гэж боддог бол бид Бурханыг бүтээлүүдээсээ илүү агуу том гэдгийг хүлээн зөвшөөрнө гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл аливаа бүтээгч нь бүтээлээсээ илүү агуу, илүү хүчтэй, илүү ухаалаг байдаг шүү дээ. Гэхдээ үүнийг хүлээн зөшөөрөх нь олон хүний хувьд маш том асуудал болдог.

Зарим хүмүүс бүтээлийн сүр жавхланг харахдаа өөрсдийгөө дэргэд нь өчүүхэн жижиг мэтээр төсөөлдөг. Нэгэн нисэгч найз маань агаарт 11 км-н өндөрт 10, 15 сая хүнтэй хотуудын дээгүүр хэдхэн минутын дотор нисэж өнгөрдөг тухайгаа ярьсан. Энэ үед түүний дотор “Тэр дээр байгаа Бурхан энэ олон хүнийг яаж хардаг байна аа? Энэ дээрээс хараад хүн бүрийн амьдралд юу болж байгааг яаж мэдэх юм бэ?” гэсэн бодол төрдөг тухай хуваалцсан юм.

Аполло нислэгт багтаж сар луу хөөрсөн сансрын нисэгчдийн нэг Жим Ирвин нэгэн сонирхолтой үгийг хэлсэн нь “Хэрвээ та нар саран дээр зогсоод дэлхийг харах юм бол дэлхий таны эрхий хурууны хумс шиг жижигхэн харагдана”. Энэ дэлхийд долоон тэрбум гаруй хүн амьдарч байна. Гэтэл 385 мянган км-н алсаас дэлхий маань эрхий хурууны хумс шиг харагддаг байх нь. Тэгвэл Бурхан биднээс хэр хол байдаг бол? Энэ асуулттай холбоотойгоор хүмүүс юуг буруу бодож ойлгодог гээч?

Алдаа #1: Бурхан хүн адил цаг хугацаа, орон зайд баригддаг гэж ойлгох. Бурхан бол хүн биш бөгөөд хүмүүстэй адил байгалийн хуулинд захирагддаггүй гэдгийг Библи тодорхой хэлсэн. Бурхан Өөрөө энэ хуулиудыг бүтээсэн ч Өөрөө тэдгээр хуулиудын дээр оршдог.

Алдаа #2: Сансар огторгуй, орон зайг үнэ цэнэтэй холбож ойлгох. Мэдээж сансар огторгуй хэмжээлшгүй том. Гэхдээ Бурханы хүүхдүүд тэр том хий хоосон орон зайнаас илүү үнэ цэнэтэй. Та 20 өрөө байртай, байраараа дүүрэн үнэт эдлэл, эд хогшилтой боловч үр хүүхэдгүй хосыг төсөөлөөд үз. Шинэ хүн мэндлэх үед нөгөө хоосон өрөөнүүд дуу шуу орж, өнгө гэрэл нэмдэг. Хэрвээ тэр гэрт нь гал гарвал эцэг нь үнэт эдлэлээ аваад гарах уу, хайртай хүүхдээ аваад гарах уу? Сансар огторгуй, орон зай чухал. Гэхдээ хүмүүс үүнээс илүү чухал.

Алдаа #3: Бурханыг хязгаарлаж бодох. Бурхан хэрхэн ажилладгийг бидний оюун ухаан төсөөлж чадамгүй. Бид Бурханы ажлуудыг итгэлээр хүлээж авахын оронд өөрсдийнхөө оюун бодлоор хүлээж авах үедээ Түүнийг хязгаарлан боддог. Манай хуучин утасны шугамыг шилэн кабелаар сольж өгсөн. Тэр үед шилэн кабел суулгаж өгсөн хүмүүс надад “та одоо энэ кабелыг ашиглаад нэгэн зэрэг 60 мянган дуудлага хийж болно” гэж хэлсэн. Энэ бүхэн яаж ажилладгийг би ойлгоогүй ч тэдний хэлсэнд итгэсэн.

Алдаа #4: Бурхан Эцэгийн хувьд өөрийгөө ямар чухал нэгэн болохыг үл мэдэх. Бид Бурхан Эцэгийн хувьд үнэ цэнэтэй гэдгээ яаж мэдэх вэ? Библийн үг үсэг бүр үүний гэрч. Эдгээр үгс Бурхан биднээс хэр хол байдгийг тодорхойлон хэлдэг. Бурхан биднээс чин сэтгэлийн, үнэн итгэлийн нэг л залбирлын зайтай оршдог. Та Бурханд итгэж залбирвал Түүнтэй уулзаж чадна. Зарим нэг зүйлийг мэдрэхийн тулд итгэлээр л хүлээж авах ёстой болдог.

НЭГ Л ЗАЛБИРЛЫН ЗАЙД.