АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛИЙГ ЦОГЦЛООХ НЬ ОРЦ

АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛИЙГ ЦОГЦЛООХ НЬ ОРЦ

Ийм учраас эр хүн эцэг эхээ орхиод, эхнэртэйгээ нийлж, хоёул нэг махбод болдог. Эхлэл 2:24

Би багадаа байхдаа эмээгийндээ очдог байснаа үргэлж санадаг юм. Түүний хийдэг овъёосны жигнэмэгт ухаангүй дуртай гээч. Хожим гэр бүлтэй болоод эмээгээсээ тэр гоё амттай жигнэмгийнх нь жорыг асууж байж билээ.

Тэгвэл аз жаргалтай гэр бүлийг цогцлоох орц гэж бас бий. Гэр бүлийн амьдрал чинь амжилттай эсвэл бүтэл муутай байх нь та ямар орцыг ямар хэмжээгээр хийснээс л шууд хамаарна. Гэр бүлийн харилцааны үндэс суурь болсон итгэлийг том савтай зүйрлэе. Та гэр бүлийнхээ амьдралаас Бурханыг гаргачих юм бол өөрийгөө маш том асуудалд орууллаа гэсэн үг. Учир нь хүн сүнс, сэтгэл, бие махбодоос бүрддэг. Тиймээс Бурхан байхгүй бол хосууд энэ бүх түвшинд бие биетэйгээ бүрэн дүүрэн холбогдож чадахгүй гэсэн үг.

Тэгэхээр итгэл хэмээх саванд хийх эхний орц бол “зориулалт” хэмээх гурил. Жигнэмэг хийхэд гурил гол орц нь болдог шиг гэр бүлийн харилцаанд зориулалтаас илүү чухал зүйл гэж үгүй. Хосууд гэр бүл болохдоо “үхэл биднийг салгах хүртэл...” хэмээн андгайлдаг. Энэ нь бид гэр бүлдээ бүхнээ зориулна гэсэн андгай. Зориулалт гэдэг нь “Бурхан биднийг нэгэн гэр бүл болгон нэгтгэсэн тул бидний амьдралд юу ч тохиолдсон бид яаж ийгээд хамтдаа даваад гарна” гэсэн бат шийдвэр!

Дараа нь зориулалт хэмээх гурил дээр харилцаа хэмээх тосыг нэмнэ. Үр нөлөөтэй харилцаа нь хосуудын хувьд үзэл бодол, мэдээ мэдээлэл, санал санаачлага, мэдрэмжээ харилцан хуваалцах хэрэгсэл. Энэ нь жинхэнэ хайрыг хадгалж үлдэх чухал орц. Учир нь харилцаа байхгүй бол хайрын гал бөхдөг. Хэн нэгнийг хайрлахын тулд эхлээд тэр хүнийгээ таньж мэдэх ёстой. Харин харилцаж чадахгүй бол таньж мэдэж боломжгүй. Гэр бүлийн харилцаанд асуудал үүсэх үед бид бие биетэйгээ харилцах ч сонирхолгүй болох үе байдаг. Тэр үед гэр бүлийн харилцааг зориулалт л хадгалж үлддэг юм.

Дараа нь “хайр” гэдэг чухал орцыг нэмэх ёстой. Хайр гэдэг бол яг л жигнэмэгт ордог элсэн чихэртэй адил. Халамж, зориулалтыг хүлээж авч байгаа хүн хайрыг мэдэрдэг. Гэр бүлийн хувьд хайр хамгийн чухал. Учир нь чихэргүй жигнэмэг ямар байдаг шиг хайр үгүй гэр бүлийн харилцаа тийм л байх болно. Тиймээс ч Паул “Нөхрүүд ээ, Христ чуулганыг хайрлаад түүний төлөө Өөрийгөө өгсний адил эхнэрүүдээ хайрла(Ефес 5:25) хэмээн захисан. Нөхөр нь эхнэрээ ингэж хайрлаж байгаа цагт энэ хайр ямар ч эхнэрийн хувьд дэндүү хангалттай байх болно.

Гэр бүлийг амжилттай болгоход орох өөр нэгэн орц бол уучлал. Амттай сайхан жигнэмэг хийхийн тулд хөөлгөгч заавал хэрэгтэй байдаг шиг гэр бүлд “уучлал” хэмээх хөөлгөгч заавал хэрэгтэй. Хэрвээ овъёосны жигнэмэгт хөөлгөгч хийхгүй бол даагдахгүй хатуу жигнэмэг болох болно. Үүний нэгэн адил гэр бүлээс уучлалыг хасах юм бол гэр бүлийн харилцаа хатуурч, төд удалгүй бутран унах болно. Уучилна гэдэг нь чи намайг хохироосон ч би чамайг хариу хохироох эрхээсээ татгалзана гэсэн үг.

Энэ бүхний дээрээс нэмэх өөр нэг орц нь өндөг буюу бие биеийнхээ хэрэгцээг хангах явдал. Жигнэмэг хийхэд өндөг нь бүх орцыг хооронд нь нийлүүлэн нэгтгэж өгдөг. Тэгвэл гэр бүлийн харилцаанд бие биеийнхээ хэрэгцээг хангаж өгснөөр хосуудын харилцаа илүү баяр хөөртэй байж, элдэв сорилт уруу татлагаас хол хөндий байж чаддаг.

Үүн дээр нэмэх өөр нэг орц бол амт нэмэх хошин шогийн мэдрэмж юм. Жигнэмэг хийхэд бид давс, ванилла, синнамон болон бусад амталгааг нэмдэг шиг гэр бүлийн харилцаанд инээд хөөр, хөгжилтэй байдал онцгой амтыг нэмдэг.

Эцэст нь жигнэмэг дээр нунтаг чихэр цацдаг шиг гэр бүлийн харилцаанд харилцан ойлголцол чухал юм. Гэр бүл болсон хосууд харилцан ойлголцож, харилцан бие биедээ буулт хийж, харилцан бие биеэ өөрөөсөө илүүд үздэг байх хэрэгтэй.

Энд гарч байгаа орц бүхэн дан дангаараа сайхан амттай байдаггүй. Харин эдгээрийг нийлүүлж холиод, халаах юм бол тун сайхан амттай жигнэмэг бий болно. Үүний нэгэн адил гэр бүлийн амьдралд ч мөн энэ бүх чанарууд холилдон байх ёстой юм шүү.

ХАМГИЙН АМТТАЙ ЖИГНЭМЭГ ХИЙХ ЖОР.