ӨӨРИЙГӨӨ ХОРСОЛ ЗАНАЛААС ХЭРХЭН ЧӨЛӨӨЛӨХ ВЭ?

ӨӨРИЙГӨӨ ХОРСОЛ ЗАНАЛААС ХЭРХЭН ЧӨЛӨӨЛӨХ ВЭ?

Харин та нар хүмүүсийг эс уучилбал Эцэг чинь мөн алдааг чинь эс уучилна. Матай 6:15

Терри Андерсон террорист бүлгийнхэнд олзлогдох үедээ өөрийгөө олон жил хоригдож, маш их зовлон бэрхшээл амсана гэдгээ төсөөлөөгүй байжээ. Террорист бүлэглэлд олзлогдох үедээ Андерсон 40 настай байсан бөгөөд Associated Press агентлагийн Ойрхи Дорнодын асуудал хариуцсан даргаар ажиллаж байв. Түүнийг олзлогдоод удаагүй байхад Шийт шашинт бүлгэмийнхэн түүнд хуучирч үнгэгдсэн Библи өгсөн байна. Чухамдаа тэр л Библийн хүчээр Андерсон олзонд байх зургаан жилийн хугацааг даван гарч чаджээ.
“Хүнд хэцүү цаг үед миний итгэл намайг цөхрөлөөс аварсан” хэмээн тэрээр гэрчилсэн. Улмаар Бурхантай харилцах харилцаа амьдралынх нь зургаан жилийг булаасан тэдгээр хүмүүсийг уучлан өршөөхөд хүргэсэн байна. 
“Тэд намайг, бас миний гэр бүлийг маш их хохироосон. Гэхдээ би хэнийг ч үзэн ядахгүй. Би Католик шашинтай, Христэд итгэгч хүн. Хэдий хэцүү байсан ч уучлах ёстой гэдгээ би  мэднэ. Тиймээс ч би тэднийг уучлах шийдвэр гаргасан” гэж тэрээр ярьсан байдаг. 
Терри Андерсон Эзэн Есүсийн айлдсан "Хэрэв та нар хүмүүсийн алдааг уучилбал тэнгэрлэг Эцэг чинь та нарыг мөн уучилна” (Матай 6:14) гэсэн үгээс урам зориг авчээ. 
Та Терри Андерсоны оронд байсан бол түүн шиг уучилж чадах байсан уу? Магадгүй та Андерсон шиг түнэр харанхуй шоронд олон жилээр хоригдоогүй байж болно. Гэхдээ хорсол занал, үзэн ядалтаасаа болоод чухал харилцаануудаа тасалж, өөрөө өөрсдийгөө шоронд хорьж орхидог. Магадгүй итгэж найдаж байсан хүн таны итгэлийг алдаж, гомдоож, хохироосноос болоод уур хилэн, хорсол занал, үзэн ядалтыг хуримтлуулсан байж мэднэ.
Бусдад өс хонзон, атаа хорсол санаж амьдарч байгаа хүмүүс үл уучлалынхаа төлөөсийг өөрөө бүр ч үнэтэйгээр төлөх ёстой болдог. “Миний ямар их гомдож шаналсныг хэн ч мэдэхгүй” гэж та бодож байж болох. Гэхдээ Бурхан мэдэж байгаа гэдгийг битгий мартаарай. Есүс Христ шударга бусаар зовж, загалмай дээр хадагдахдаа “Аав аа, тэднийг уучлаач. Учир нь тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна” (Лук 23:34) хэмээн хашхирч байсныг битгий мартаарай. Та хэн нэгнийг уучилж чадахгүй нь гэж бодох үедээ загалмайд хадагдсан Есүс Христийг санаарай. Уучилж сурахгүй юм бол бидэнд найдвар байхгүй гэдгийг бүү мартаарай. Тийм учраас л Паул уучлалын тухай чухалчлан бичихдээ “Бурхан та нарыг Христ дотор уучилсны адил бие биенээ уучлан, нэг нэгнээ энэрч аядуу зөөлөн сэтгэлээр ханд” (Ефес 4:32) хэмээн өгүүлсэн.
Терри Андерсоны хувьд өөрийг нь хорьж хохироосон этгээдүүд шийтгэлээ амссан эсэх нь чухал байсангүй. Учир нь энэ ачаа дарамтаас тэр өөрийгөө чөлөөлсөн. Ийнхүү өс хонзон, атаа хорсол, үзэн ядалтаасаа чөлөөлөгдсөнөөр тэр жинхэнэ эрх чөлөөтэй нэгэн болсон юм. Та ч бас энэ тухай нухацтай бодоод үзээрэй.

ҮЗЭН ЯДНА ГЭДЭГ ХҮМҮҮНИЙ ЧАНАР БОЛ УУЧЛАН ӨРШӨӨНӨ ГЭДЭГ БУРХАНЛАГ ЧАНАР.