САНАА ЗОВНИЛООС АНГИЖРАХ ГУРВАН АЛХАМ

САНАА ЗОВНИЛООС АНГИЖРАХ ГУРВАН АЛХАМ

Үзэгтүн, Би алгандаа чамайг сийлсэн... Исаиа 49:16

Маш олон хүн өөрсдийгөө бусдыг шүүх эрхтэй бурхад мэтээр төсөөлдөг. Цаашилбал бүхнийг удирдлага хяналтдаа байлгахыг хүсдэг. Улмаар бидний амьдрал хүслээр маань болохгүй үед, бидэнд таалагдахгүй зүйлсийг өөрчилж чадахгүй үедээ бид санаа зовнилд улам автдаг. Тийнхүү бид Бурхан байдаг гэдгийг ч мартаж өөрсдийнхөө хүчээр бүхнийг шийдэх гэж оролддог. Эцэст нь өөрсдийн хийж чадах бүхнийг хийж дуусаад ямар ч нэмэргүй болохыг мэдэх үедээ хаашаа эргэж хэнд хандахаа мэдэхээ байдаг. 
Тэгээд бүх арга чаргаа барсныхаа дараа л Бурханд ханддаг. Бид Бурханаа сайн таньж мэдээгүй учраас асуудлаа Түүнд бүрэн даатгаж чаддаггүй. Улмаар бид яг л агуу хааны ордонд байгаа гадны зочин мэтээр өөрсдийгөө төсөөлж, Бурхан бидний асуудалд санаа тавьдаг гэдэгт итгэхийг хүсдэггүй. 
Үнэндээ амьдралд биднээс шалтгаалахгүй, хяналтаас ангид зүйл дэндүү олон. Бид байгалийн гамшиг, цаг хугацаа, улс төр, эдийн засаг гээд олон зүйлд нөлөөлж чаддаггүй. Гэтэл эдгээр зүйлс нь бидний амьдралд маш хүчтэй нөлөөлдөг. Энэ үед дараах алхмуудыг санаж байгаарай.
1. Бурханыг Бурхан чигээр нь байлгаж, бидний амьдралд хийж буй Түүний ажлуудад саад хийж, засвар оруулах гэж хичээдгээ болих хэрэгтэй. Бурханд зааж, Бурханы юу хийхийг нь шийдэх эрх бидэнд байхгүй. Угаасаа бид Бурханд тусалж чадахгүй. Бурханд бидний туслалцаа хэрэггүй. Гэхдээ нөгөөтэйгүүр Бурханд итгэнэ гэдэг бид гараа хумхиад юу ч хийхгүй сууна гэсэн үг бүр ч биш. Хийх ёстой зүйлээ хийгээд, Бурханаас ирэх амар тайвнаар зүрх сэтгэлээ дүүргээд, “би өөрийнхөө хийх ёстой ажлаа хийсэн, одоо Бурхан Өөрийнхөө хийх ёстой ажлыг хийх болно” итгэж хүлээх нь чухал. 
2. Бид нөхцөл байдлыг хянаж чадахгүй ч нөхцөл байдлын өмнө ямар хариу үйлдэл үзүүлэх вэ гэдгээ хянаж чадна. Нэг удаа эхнэр бид хоёр ирэх жилийн аяллаа төлөвлөж байлаа. Бид байнга буудалладаг зочид буудалдаа урамшуулал ашиглан үнэгүй хэд хонохоор төлөвлөсөн. Гэтэл нөгөө зочид буудал маань маш их захиалгатай учраас бид тэр үеэр нь урамшууллаа ашиглах боломжгүй болов. Эхнэр бид хоёр уурлаж бухимдахын оронд “Бурхан үүнийг мэдэж байсан. Тиймээс Бурханд өөр төлөвлөгөө байгаа болтой. Уурлаж бухимдахын оронд тэр төлөвлөгөөг олж мэдэцгээе” хэмээн ярилцсан юм. 
3. Бид нөхцөл байдлаа өөрчилж чадахгүй бол санаа зовнил, ачаа дарамтаа Эзэнд даатган орхиж чадна. Мэдээж ингэснээр Бурхан бидний амьдралд бодсоноос тэс өөрөөр ажиллахыг зөвшөөрөх ёстой болно гэсэн үг. Гэхдээ бид яагаад үүнийг зөвшөөрч болохгүй гэж? Бурхан бүхнийг, харин бид хэсэгхнийг л мэддэг. Бид ирээдүйг зөвхөн тааварлаж чаддаг бол Бурхан ирээдүйг бүхэлд нь мэддэг. Нөгөөтэйгүүр бид ийнхүү Бурханд итгэж найдах үедээ Үгийг дуулгавартай дагадаг. Петр "Тэр та нарт санаа тавьдаг учраас бүх зовнилоо Түүнд хая” (1 Петр 5:7) гэж хэлсэн. Тиймээс өөрсдийн өөрчилж чадахгүй зүйлсээ Бурханы мутарт даатгаж сурцгаая.

ХЭН Ч САНАА ТАВИХГҮЙ, ТУСЛАХГҮЙ БАЙХ ГЭЖ БОДОХ ҮЕД Ч БУРХАН БИДЭНД САНАА ТАВЬСААР БАЙДАГ.