ЗОВЛОН ДУНДАХ ТУСЛАМЖ

ЗОВЛОН ДУНДАХ ТУСЛАМЖ

ЭЗЭН бол сайн. Зовлон шаналангийн өдөр Тэрээр бат бэхлэлт болдог. Өөрт нь хоргоддог хүмүүсийг Тэрээр хамгаалдаг. Нахум 1:7

Заримдаа би гадаадад аялахдаа дэлхийн бүх хүн хамтдаа нэгдэж байгаад усны хаалтыг нэг стандартад оруулж, халууныг нь зүүн, хүйтнийг нь баруун талд байрлуулаад, халуун дээр нь улаан, хүйтэн дээр нь цэнхэр өнгөөр тэмдэг тавих хууль баталж болдоггүй юм байх даа гэж боддог. Хэрвээ тэгвэл ядаж урт аяллын дараа зочид буудалдаа очоод усанд орохдоо халуун усанд шалзрах, хүйтэн усанд хайрагдах аюулаас аврагдана шүү дээ. Түргэн тусламжийн дугаар Америкт 911 байхад, Монголд 103 байх жишээний.
Гэхдээ аз болоход зарим зүйлс дэлхийн хаана ч адилхан байдаг. Жишээ нь хүүхдээ салхилуулж байгаа ээжийн дэргэд хүүхэд рүү нь инээмсэглэвэл тэр ээж хариу инээмсэглэнэ. Тэр хүн Америк, Орос, Хятад, Филиппин ямар ч хүн байсан ялгаагүй. Учир нь хайр халамжийг илэрхийлэх хэл дэлхийн хаана ч адилхан үйлчилдэг. 
Тэгвэл Бурхан ч гэсэн адилхан. Бид ямар ч үед, хаана ч байсан Бурхан руу хандахад Тэр биднийг анхааран сонсдог. Заримдаа бидний амьдралд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу үе олон тохиолддог. Хэн ч наашаа гэж гар сарвайн туслахгүй үе цөөнгүй. Харин тэр үеүдэд Бурхан руу холбогдох шугам хэзээд нээлттэй. 
Бурхан руу залгах үедээ “холбох шугам чөлөөгүй” гэсэн хариуг хэзээ ч сонсохгүй. Бурхан бидний залбирлыг сонсохдоо хэзээ ч завгүй, ядарсан, эсвэл залхаж байна гэж хэлдэггүй. “Зовлон шаналан дотроо ЭЗЭНийг би дуудаж, Бурхандаа би хашхирсан. Тэрээр сүмээсээ дуу хоолойг минь сонсож, Түүний сонорт хашхираан минь хүрсэн билээ” гэж Дуулал 18:6 эшлэлд бичигдсэн байдаг. Давид хаан ч зовлон бэрхшээл тулгарах үед хамгийн түрүүнд Бурхан руу ханддаг байсан. Дуулал 27:5 дээр Давид хаан “Учир нь зовлонгийн өдөр Тэр намайг асартаа далдлах болно. Майхныхаа нуувчинд намайг нуух болно. Тэр намайг өндөр хадан дээр гаргана” хэмээн шүлэглэсэн. Хүнд хэцүү цаг үе ирэхэд эш үзүүлэгч Нахум "ЭЗЭН бол сайн. Зовлон шаналангийн өдөр Тэрээр бат бэхлэлт болдог. Өөрт нь хоргоддог хүмүүсийг Тэрээр хамгаалдаг” (Нахум 1:7) хэмээн бичсэн.
Бидний хувьд тусламжийн утас руу залгахын тулд ноцтой шалтгаантай байх ёстой болдог. Гал усны аюул, хулгайд юмаа алдах, эсвэл хэн нэгэн бэртэж гэмтэх. Гэтэл та сэтгэлээр уначихлаа, ажил минь бүтэлгүйтчихлээ, хүссэн зүйлээ авч чадсангүй гэх зэрэг шалтгаар 911 руу залгавал оператор нь танд сайхан хандахгүй л болов уу. Харин үүнээс ялгаатай нь Бурхан бидний бүхий л асуудлыг том жижиг гэлтгүй сонсож, бидэнд хариулдаг. 
Бурханд хандан хашхирсан бидний залбирал бүрийг Тэр анхааран сонсдог. Хэн нэгэнд доторхоо уудлахыг хүсвэл Бурханд хандан залбираарай. Тэр таныг сонсоно. Тэр бидэнд юу тохиолдсоныг мэддэг. Тэр биднийг сонсдог. Тэр бидэнд анхаарал хандуулдаг. Энэ дэлхийн хаана ч, юу ч хийж байсан Тэр бидэнтэй үргэлж хамт байдаг. Тиймээс та яг одоо Бурханд талархаарай.

ЗОВЛОНГИЙН ӨДӨР ТЭР НАМАЙГ АСАРТАА ДАЛДАЛНА.