ШАШНЫГ ЮУ ХОРДУУЛДАГ ВЭ?

ШАШНЫГ ЮУ ХОРДУУЛДАГ ВЭ?

Та нар өөрсдийг чинь хайрлагсдыг л хайрлавал ямар шагнал та нарт байх вэ? Татвар хураагчид хүртэл ийн үйлддэг бус уу? (Матай 5:46).

Өнөөдөр томоохон хот болгоны асуудал агаарын бохирдол. Агаарын бохирдлоос болж хоолой хорсож, нүд аргаж, уушиг өвдөж, эрүүл мэндэд маш сөрөг нөлөөг үзүүлдэг. Цэвэр байсан зүйл чанараа алдахыг “бохирдох, хордох” гэдэг.
Есүс бяцхан хүүхдүүдийг энгэртээ тэвэрч, унаж бүдэрсэн нэгнийг босгон тэнхрүүлж, алдсан нэгнийг уучилдаг байсан хэрнээ тухайн цаг үеийн шашны үзлийг бохирдсон, хордсон гэж хэлсэн. Есүс Мосе болон эш үзүүлэгчдийг асуудалтай байсан гэж хэлээгүй. Харин олон зууны туршид эш үзүүллэг, Мосегийн хууль дээр хүмүүсийн нэмсээр ирсэн тэр бүх дэг журмыг “хортой” гэж үзсэн. 
Бурханы илчлэлийг өөрсдийн хортой үзэл санаа, ёс жаягаараа бохирдуулсан тэр хүмүүсийг Есүс хамгийн хатуу үгээр зэмлэж тэднийг “хорт могой, цагаанаар будсан булш” хэмээн загнасан.
Элч Паул ч бас Бурханы үг дээр нэмж байгаа хөндлөнгийн утга санаа нь хор хөнөөлтэй зүйл гэдгийг онцгойлон анхааруулсан. Галат захидалд тэрээр өгүүлэхдээ “[Христийн] нигүүлслээр та нарыг дуудсанаас ялгаатай сайнмэдээ уруу та нар ийм түргэн эргэсэнд би гайхаж байна.  Өөр сайнмэдээ гэж үгүй. Зарим хүмүүс та нарыг үймүүлж, Христийн сайнмэдээг гуйвуулахыг хүсэж байна. Харин бид ч, эсвэл тэнгэрийн зарлага элч ч гэсэн бидний [та нарт] тунхагласнаас өөр сайнмэдээг тунхаглавал тэрээр хараагдаг” (Галат 1:6-8). Яагаад Паул ингэж бичих болов? Яагаад гэвэл Паул сайнмэдээний үг хөндлөнгийн хүмүүсийн үзэл бодлын нөлөөгөөр хордож, бохирдохгүй байгаасай гэж хүссэн юм. 
Шинэ Гэрээнд Бурханы илчлэлээс хасах эсвэл нэмэхийг хатуу хориглосон. Тиймээс ч Шинэ Гэрээний хамгийн сүүлийн ном болох Илчлэл номд элч Иохан ийнхүү бичсэн. “Энэхүү номын эш үзүүллэгийн үгсийг сонсогч бүрд би гэрчилж байна. Хэн нэгэн нь эдгээрийн дээр нэмэх аваас Бурхан энэхүү номд бичигдсэн гамшгуудыг түүнд нэмэх болно. Хэн нэгэн нь энэхүү эш үзүүллэгийн номын үгсээс хасах аваас Бурхан энэхүү номд бичигдсэн амийн модноос болон ариун хотоос хувийг нь хасах болно” (Илчлэл 22:18-19).
Хордож бохирдсон шашинтай холбоотой өөр нэг зүйлийг хэлмээр байна. Үзэн ядалтыг сурталчилж байгаа шашин бүхэн бохирдсон гэж ойлгож болно. Есүс хэлэхдээ “Хөршөө хайрла, дайснаа үзэн яд” гэж хэлснийг та нар сонссон. Харин Би та нарт хэлье, дайснуудаа хайрла, та нарыг хавчигчдын төлөө залбир. Тэгснээрээ та нар тэнгэр дэх Эцэгийнхээ хүүхдүүд болно” (Матай 5:43-45) гэсэн байдаг. Есүс бидэнд даруу байдлын үлгэр жишээг харуулсан. Загалмай дээр Өөрийг нь цовдолж байсан хүмүүс дээр тэнгэрээс гал буулгахыг тушаахын оронд “Эцэг минь, юу хийж байгаагаа мэдэхгүй байгаа энэ хүмүүсийг өршөөгөөч” хэмээн Тэр хашхирсан юм.
Тиймээс ч Есүсийг Наполеон “Хайрын Эзэн Хаан” хэмээн нэрлэсэн байдаг. Тиймээс үзэн ядалтыг сурталчилж байгаа ямар ч шашиныг бид хүлээн зөвшөөрөх ёсгүй. Учир нь Бурхан бол хайр. Маш олон хүн Иохан 3:16 эшлэлийг мэддэг. Гэхдээ дараагийн эшлэлийг их цөөн хүн мэддэг. Иохан 3:17 дээр хэлэхдээ “Учир нь Бурхан ертөнцийг яллахын тулд биш харин Түүгээр дамжуулан ертөнцийг аврахаар Хүүгээ ертөнцөд илгээсэн билээ” гэсэн байдаг.

БУРХАНЫ ХҮҮ БИДЭНД ЖИНХЭНЭ АМЬДРАЛ ӨГЧ, БИДНИЙ АМЬДРАЛААС ШАШНЫ БОХИРДЛЫГ ЧӨЛӨӨЛӨХӨӨР ЭНЭ ДЭЛХИЙД ИРСЭН.