ГАНХАШГҮЙ ИТГЭЛИЙН НУУЦ

ГАНХАШГҮЙ ИТГЭЛИЙН НУУЦ

Тиймээс хайрт ах дүү нар минь, та нарын зүдэл зүтгэл Эзэн дотор хоосон биш гэдгийг мэдэж, тууштай байж, гуйвж дайвалгүй, Эзэний үйл хэргээр үргэлж бялхаж бай.  1 Коринт 15:58

Нарс болон одой модны хоорондох ялгаа нь хэмжээндээ биш харин үндэсний тогтолцоондоо байдаг гэнэ. Одой мод гаднаас нь харахад сонирхолтой байж болох ч нарс модны үндэс цаг хугацааны уртыг даван туулж, салхи шуурга, ган гачиг тэр бүү хэл гал түймрийг ч даван гарах хүчийг өгдөг байх юм.
Тэгвэл хүмүүс ч бас үүнтэй адил. Зарим нь одой мод шиг гүн үндэсгүйн улмаас өсөж төлөвшдөггүй. Харин зарим нь нарс мод мэт Бурханы үгэнд гүн бат үндэслэж улмаар амьдралын олон бартаа нугачаа, салхи шуургыг амжилттай даван гарч чаддаг. 
Эртний Коринт хотынхныг нэхэн санацгаая. Тэд зан чанар, ёс суртахууны хувьд нилээд доголдолтой байсан. Элч Паул эхний захидалдаа Есүс Христийн дахин ирэлт болон амилалтын тухай бичиж, тэднийг “тууштай, гуйвж дайвалгүй” байхыг сануулсан. “Тууштай байх” гэдэг үг нь “бат суурьтай байх”, харин “гуйвж дайвахгүй байх” гэдэг нь Шинэ Гэрээнд ганцхан удаа гардаг бөгөөд “хөдлөшгүй байх” гэсэн утгатай үг. 
“Тууштай байх, гуйвж дайвахгүй байх” – Энэ үг таныг тодорхойлж байна уу? Та үнэхээр тууштай, гуйвж дайвахгүй байж чаддаг уу? Эсвэл хүнд хэцүү зүйл тохиолдоход итгэл тань ганхаж, гуйвлан “Намайг зовж байхад Бурхан хаана байсан юм бэ? Яагаад Бурхан надад ийм зүйлийг зөвшөөрч байгаа юм бэ?” гэж гомдоллодог уу?
Ямар ч үед Бурханы үг дээр бат зогсож чадах тийм итгэлтэй болохын тулд бид яах ёстой вэ? Үүнд ганцхан арга зам бий. Бид Библиэ нээн уншаад Есүс Христ энэ дэлхий дээр амьдарч, загалмай дээр нас бараад үхлээс амилсан гэдэгт бат итгэх явдал юм. Улмаар Бурхан бидэнд Өөрийгөө Үгээрээ дамжуулан илчилж өгсөн гэдэгт итгэх хэрэгтэй. Тэр цагт бид Паулын уриалсанчлан гуйвж дайвалгүй, тууштай байж чадна. 
1955 оны 1 сард Экуадорын зэрлэг омгийнхонд сайнмэдээ тараахаар жижиг онгоцоор явсан нөхрүүдийнх нь хувь тавилан хаашаа эргэснийг мэдэхээр түгшин суусан таван эмэгтэйн нэг Элизабет Эллиот нэгэн магтан дууны үгээр өөрийгөө зоригжуулж байсан тухайгаа хожим нь дурссан. 
Тэр дууны үгэнд “Би чамтай хамт байгаа тул бүү ай. Бүү зүрх алд. Би чиний Бурхан. Би чамд тусалж, хүчийг өгөх тул чи бат зогс. Усны гүнийг гатлах үед Би чамтай хамт байна. Уйтгар гунигийн шуурга ч чамайг ялан дийлж чадахгүй. Би чамтай хамт байж зовлон бэрхшээлийг чинь ивээл ерөөл болгоно. Би чамайг ариусгаж, чиний зүрх сэтгэлийг хамгаална. Есүс Христ чиний өмнөөс бүх шийтгэлийг үүрсэн тул Би чамайг хэзээ ч мартахгүй, хэзээ ч орхихгүй” хэмээн өгүүлдэг. 
Тууштай, гуйвж дайвахгүй байх. Өнөөдрийн энэ нийгэмд итгэлээрээ ийнхүү бат зогсох үнэхээр хэцүү. Гэхдээ бидний итгэлийн суурь болох Есүс Христ өөрөө хөдлөшгүй хадан суурь учраас бид Түүнд итгэл найдвараа тавьж байгаа цагт бидэнд юу ч тохиолдсон тууштай, гуйвж дайвахгүй байж чадна. Амьдралд хүчит давалгаа хуйлран шуугисан ч агуу хүчирхэг Бурханы сүүдэрт бид ганхалгүй бат зогсож чадна.

ТУУШТАЙ, ГУЙВЖ ДАЙВАХГҮЙ БАЙ.