БУРХАН ДОТОР АМАРЧ СУРАХ НЬ

БУРХАН ДОТОР АМАРЧ СУРАХ НЬ

Тэгэхлээр Бурханы хүмүүст Амралтын өдрийн амралт үлддэг. Учир нь Бурхан Өөрийн ажлаас амарсны адил хэн Түүний амралтад орно, тэр нь ажлаасаа амарсан юм. Иймд дуулгаваргүйн өнөөх жишээгээр хэн нэгэн нь уначихгүйн тулд тэрхүү амралтад орохыг хичээцгээе. Еврей 4:9-11

Мөхсөн тэнгис нь далай тэнгисийн уснаас тав дахин давслаг учраас хэн нэгэн барагтаа бол живдэггүй гэнэ.
Гэтэл завьтай аялж явсан жуулчин тэнгис уруу уначихаж. Сэлж чаддаггүй болохоор сандарсандаа байдгаараа гар хөлөө савчуулж гарав. Шорвог ус нүдийг нь хорсгож, ядарсандаа тэрээр итгэл найдвар нь тасарч биеэ сул тавих үед нь нутгийн хөтөч түүнийг алгуурхан татаж гаргасан гэдэг.
“Бидний сандруу зан Бурханы хувьд боломж болдог” гэж нэгэн хүн хэлсэн. Гэтэл өөрийгөө хүнд байдлаас аврах гэж оролдохынхоо оронд Бурханд найдаж, хүнд хэцүү байдлаас Бурхан аварна гэдэгт итгэх нь тийм ч хэцүү ажил биш.
Бурхан Израильчуудыг өөрийн Амласан нутаг руу хөтлөн дагуулах үедээ Бурхан тэдэнд амралтыг өгсөн тухай Еврей номд өгүүлсэн. “Тэгэхлээр Бурханы хүмүүст Амралтын өдрийн амралт үлддэг. Учир нь Бурхан Өөрийн ажлаас амарсны адил хэн Түүний амралтад орно, тэр нь ажлаасаа амарсан юм. Иймд дуулгаваргүйн өнөөх жишээгээр хэн нэгэн нь уначихгүйн тулд тэрхүү амралтад орохыг хичээцгээе” (Еврей 4:9-11).
Бид амьдралаа бүхэлд нь хяналтдаа байлгаж чадахгүй. Өмнө маань тулгарсан хүнд хэцүү асуудал бидний хэрээс хэтэрч, ганцхан Бурхан л үүнийг шийдэж чадна гэдгийг хүлээн зөвшөөрөх тэр цаг заавал ирдэг. Тэр үед та дараах дөрвөн алхмыг хийгээрэй.
1. ТАЙВШИР. Хичээл зүтгэлээ хойш тавиад Эзэнд бүхнээ даатгах үед бид тайвширдаг. Усанд унаад сандарсандаа гар хөлөө савчуулж байсан хүн шиг заримдаа бид Бурханаас өөр хэний ч хийж үл чадах тийм зүйлийг өөрсдийн хүчээр хийх гэж оролддог. Тэгээд бүх зүйл тартагтаа тулсны дараа л Бурханд даатгадаг. Эхнэр нь өрхийн санхүүгийн байдлаа “Одоо бид залбирахаас өөр юу ч хийж чадахгүй нь” гэж хэлэхэд нөхөр нь “Байдал тэгтлээ дордчихлоо гэж үү!” гэж асуусан гэдэг.
2. БУРХАНЫ АМАР ТАЙВНЫГ ХҮЛЭЭН АВ. Бидэнд хандсан Бурханы хүслийг ойлгож, тэр хүслийн дагуу алхам хийхээр шийдэх үедээ бид Бурханы амар тайвныг хүлээн авдаг. Тэр цагт бид Дуулал номд бичигдсэнчлэн “Үхлийн харанхуй хөндийгөөр туулсан ч хорон муугаас би айхгүй” хэмээн тунхаглаж чадна. 
3. ИТГЭЛЭЭР УРАГШ АЛХ. Бурхан бүхнийг хяналтдаа байлгаж байгаа гэдэгт бүрэн дүүрэн итгэдэг бол санаа зовох шаардлагагүй. Бурхан уу, асуудал уу? Хэн нь илүү агуу вэ гэдгээс бүх зүйл шалтгаална. Та Бурханд итгэж байгаа бол итгэлээрээ урагш алх. Харин үгүй бол сүүлээ хавчаад зугтах болно. Аюулгүй байдал гэдэг бол аюул заналаас ангид биш, харин Бурханы оршихуй дотор амьдрахын нэр юм. 
4. ИТГЭ. Бид итгэлээрээ алхам хийсэн бол үр дүнг нь Бурханд итгэн даатгаж сурах хэрэгтэй. Оюун санаа, зүрх сэтгэлдээ Бурханд бүрэн итгэ. Тэр цагт бид Бурханд хандан “Нэгэнт бүх зүйл Таны гарт байгаа учраас би Таныг шөнийн харуулд үлдээлээ шүү” гэж хэлээд амар тайван хонож чаддаг.