АРИУСГАЛ ГЭЖ ЮУ ВЭ?

АРИУСГАЛ ГЭЖ ЮУ ВЭ?

Тэгээд Иошуа хүмүүст “Өөрсдийгөө ариусгацгаа. Учир нь маргааш ЭЗЭН та нарын дунд гайхамшигт зүйлсийг хийх болно гэв. Иошуа 3:5

“Гурван удаа нүүх нь нэг удаа түймэрт өртөхтэй тэнцэнэ” гэсэн хэлц байдаг. Үнэхээр олон дахин нүүж суух үед эд хогшил ч амархан эвдэрдэг. Нөгөөтэйгүүр богино хугацаанд олон дахин нүүхдээ хүмүүс “Би энэ юмыг яах гэж ингэж хадгалаад байдаг юм болоо!” гэж гайхдаг. Тэгсэн хэрнээ л бид тэр хуучин зүйлсээ хэрэг болж магадгүй хэмээн хадгалсаар. Эртний Египетүүд өөд болсон хүнийг хойд насандаа хэрэглэх эд хөрөнгөтэй нь хамт оршуулдаг байжээ. Үүнчлэн бид ч бас болдогсон бол өөд болохдоо эд хөрөнгөө аваад явахыг хүсдэг.

Израилийн ард түмэн Иордан голыг гаталсан үйл явдлыг эргэн санацгаая. Негевийн цөлийн шатам халуунд амьдарч хатуужсан Израильчууд Иордан голын зүүн эрэгт хүрч ирсэн тухай энэ үйл явдал Хуучин Гэрээний Иошуа номын 3,4-р бүлэгт гардаг. Энэхүү нарийхан гол тэднийг Канаан нутгаас заагалж байсан.

Тэр үед Мосегийн залгамжлагч удирдагч Иошуа Иордан голыг гатлахад ард түмнээ бэлтгэж эхэлсэн. Улмаар гурван хоногийн дараа тэд голыг гаталсан. Харин тэр онцгой өдрийн өмнөх өдөр Иошуа ард түмэнд хандан Өөрсдийгөө ариусгацгаа. Учир нь маргааш ЭЗЭН та нарын дунд гайхамшигт зүйлсийг хийх болно (Иошуа 3:5) хэмээн тушаасан. Энд гарч буй Иоушагийн хэлсэн “өөрсдийгөө ариусгацгаа” гэсэн үгс дараах хоёр сүнслэг ойлголттой салшгүй холбоотой. Нэг нь ариусгал, нөгөө нь зориулалт.

Зориулалт гэдэг нь ямар нэгэн зүйлд өөрийгөө зориулан сайн дураараа хийнэ гэсэн үг. Энэ бол маш чухал чанар. Тэгвэл “ариусгах” гэдэг нь Бурханы хийхийг хүсч буй ажилд зориулан сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлдэнэ гэсэн үг юм. Бид өөрсдийнхөө эзэмших эрхээ Бурханд шилжүүлэхийг хэлж байгаа юм. Бидэнд байгаа бүхэн анхнаасаа Бурханых гэдгийг хүлээн зөвшөөрч, Бурханы удирдлагад бүрэн итгэж найдна гэсэн үг.

Гурван өдөр битгий хэл гурван цаг ийнхүү эргэцүүлэн бодоход л ямар их зүйлийг бид ухаарах бол? Хийж байгаа ажлаа хойш тавиад сүнслэг зүйлсийг эргэцүүлэн бодож, дотоод сэтгэлээ ариусгах нь маш чухал алхам. Завгүйдэл бидэнд ямар том саад болдог билээ дээ! Энэ их дуу чимээ, цаг наргүй ажил төрөл бидний анхаарлыг сарниулж, Бурханы бодол санааг таньж мэдэн, Бурханы дуу хоолойг сонсоход саад болсоор. Эцсийн дүндээ энэ нь бидний Бурхантай харилцах харилцаанд тээг болдог.

Израильчуудын хувьд Иордан голыг гатлахдаа ямар бодол тээж байсныг мэдэхгүй. Гэхдээ тэд угтан буй үйл явдалд өөрсдийгөө бэлтгэж, Бурханы эрх мэдэлд өөрсдийгөө даатган, бодол санаагаа цэгцэлсэн. Тийнхүү тэд итгэлтэйгээр Иордан голыг гаталж Бурханы гайхамшигт ажлуудын гэрч болцгоосон.

Өнөөдөр бидний амьдралд ийм цаг хэрэгтэй. Өнөөдөр бид өөрсдийгөө ийнхүү ариусгаснаараа Бурханы хийх ажлуудад өөрсдийгөө бэлтгэж чадна.