ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДИЙН ЧИНЬ АМЬДРАЛД ЮУ ХАМГИЙН ЧУХАЛ ВЭ?

ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДИЙН ЧИНЬ АМЬДРАЛД ЮУ ХАМГИЙН ЧУХАЛ ВЭ?

Явах ёстой замаар нь хүүхдийг сурга. Тэрээр өтөлсөн ч түүнийг орхихгүй. Сургаалт үгс 22:6

Өсвөр насныхнаас “Амьдралд чинь юу хамгийн их нөлөөлдөг бэ?” гэж асуувал тэд “найзууд” эсвэл “нийгмийн сүлжээ” гэж хариулах байх. Тэдний эцэг эхээс ч ингэж асуувал мөн адил хариулт өгөх байх. Өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт гар утас, интернет өсвөр үеийнхний маань амьдралд хүчтэй нөлөөлсөөр байна.

Гэтэл хамгийн сонирхолтой нь өсвөр насны хүүхдүүдээс авсан хамгийн өргөн хүрээтэй судалгааны үр дүн үүнээс арай өөр зүйлийг өгүүллээ. Эцэг эх, гэр бүлийн харилцаа, эцэг эхчүүдийн хүүхдүүддээ тавих шаардлага, хүлээлт тэдний амьдралд хамгийн хүчтэй нөлөөлдөг гэнэ. Өсвөр насныханд юу юунаас илүү эцэг эх нь хамгийн хүчтэй нөлөөлдөг хэвээрээ гэдгийг энэ судалгаа баталжээ. Судалгааг 1994-2016 оны хооронд өсвөр үеийнхний эрүүл мэндийн асуудалтай холбогдуулан 90 мянга гаруй хүүхдээс авчээ.

Судалгааны үр дүнд өсвөрийнхний сэтгэл гутрал, амиа хорлох тухай бодол, архи, тамхи, хар тамхины хэрэглээ зэрэг олон сөрөг үзэгдэлтэй тэмцэх боломжтойг ч тогтоосон ба дараах гурван хүчин зүйл тэдэнд хамгийн их нөлөөлдөг болохыг тогтоосон байна.

1. ГЭР БҮЛИЙН ДОТНО ХАРИЛЦАА. Өсвөр насны хүүхдийн хувьд өөрийгөө гэр бүлийн үнэ цэнтэй гишүүн гэдгээ мэдрэх нь маш чухал. Гэр бүл нь өөрийг нь хайрладаг, үнэлдэг, анхаарч халамжилдаг гэдэг мэдрэмж тэдэнд онцгой чухал. Үүний тулд эцэг эх нь хүүхдүүдийнхээ дэргэд байх ёстой гэсэн үг. Хүүхэдтэйгээ удаан хугацаагаар хамт байхгүй байсан ч дараа нь нөхөөд хамт байвал болчихно гэсэн буруу ойлголт эцэг эхчүүдийн дунд түгээмэл. Гэтэл тийм биш! Хүүхдүүд багаасаа л өөрсдийгөө гэр бүлийн салшгүй хэсэг гэдгийг мэдэрч, эцэг эхийнхээ дэргэд өсч өндийх нь өөр юугаар ч орлуулшгүй гэдгийг бид ойлгох ёстой.

2. ЭЦЭГ ЭХИЙН ХҮЛЭЭЛТ. Эцэг эхчүүд хүүхдээсээ юу хүлээж байгаа нь хүүхдүүдийнх нь зан авирт хүчтэй нөлөөлдөг ажээ. Архи, тамхи, хар тамхинаас хол байж чадна гэдэгт эцэг эхчүүд хүүхдүүддээ итгэж тэрхүү хүлээлтийнхээ дагуу амьдарч чаддаг бол өсвөр насны хүүхдүүд нь энэ тал дээр алдаа гаргах нь харьцангуй бага байдаг гэдгийг судалгаа баталжээ. Эцэг эхчүүд зөв буруугийн тал дээр маш тодорхой ойлголттой байх ёстой. Хүүхдүүдээсээ шаардаж байгаа хүлээлтийнхээ дагуу өөрсдөө амьдардаг байх нь чухал. Эцэг эхчүүд алдаа гаргаж түүнийгээ шударгаар хүлээн зөвшөөрч засаж залруулбал хүүхдүүдэд нь энэ зөв үлгэр жишээ болно. Учир нь тэдний насныхан алдаж бүтэлгүйтсэн үедээ яах ёстойг эцэг эхээсээ л сурч авдаг.

3. ЭЦЭГ ЭХИЙН ОРОЛЦОО. Эцэг эх нь хүүхдийнхээ дэргэд байхаасаа байхгүй нь их тохиолдолд тухайн хүүхдийн амьдралд нийгмийн сүлжээ эсвэл найз нөхдийнх нь нөлөө илүү хүчтэй болдог. Бид бүгдээрээ л ямар харьяалалд байхыг хүсдэг. Учир нь Бурхан анхнаасаа л ингэж бүтээсэн. Дуулал номд “Ганцаардагчийг гэртээ суулган хоригдогсдыг сайн сайханд Бурхан дагуулна(Дуулал 68:6) гэсэн байдаг.

Библид аль 3000 жилийн тэртээд Явах ёстой замаар нь хүүхдийг сурга. Тэрээр өтөлсөн ч түүнийг орхихгүй (Сургаалт үгс 22:6) хэмээн хүүхэд хүмүүжүүлэх арга барилын үндсийг хэлж өгсөн. Энэ үг 3000 жилийн тэртээд үнэн байсан шигээ одоо ч үнэн хэвээрээ. Дараа дараагийн үеүдэд ч хэвээр байх болно. Хүүхдүүдийн амьдралд хамгийн хүчтэй нөлөөлдөг хүчин зүйл нь эцэг эхчүүд хэвээрээ байна. Өсвөр насны хүүхдүүд гэр бүлтэйгээ ойр дотно харилцаатай байж, эцэг эхчүүд нь хүүхдүүдийнхээ амьдралд оролцоотой байх үед, тэд Бурханы хүслийн дагуу өсөж өндийдөг.

Өсвөр насны хүүхдийг хүмүүжүүлнэ гэдэг маш хүнд ажил. Гэхдээ ердөө хэдхэн жилийн дараа тэд цүнхээ үүрээд, гэрээ орхиод явна гэдгийг та бүү март. Тиймээс үлдсэн хугацаагаа ухаалгаар ашиглаарай.

Үр хүүхдүүддээ үлгэр дуурайлал болсон амьдралаар амьдарч, тэдэнд итгэлийн замыг заахад шаардлагатай нигүүлсэлийг Бурхан бидэнд дүүрнээр өгөх болтугай.