ХАРУУСЛААС АНГИД АМЬДРАЛ

ХАРУУСЛААС АНГИД АМЬДРАЛ

Учир нь Тэр “Тааламжтай цагт Би чамайг сонссон. Авралын өдөр Би чамд тусалсан” гэж айлддаг. Харагтун, одоо тааламжтай цаг. Харагтун, одоо авралын өдөр. 2 Коринт 6:2

Английн нэрт номлогч Чарльз Спаржеон “Хэрвээ чи энэ амьдралыг орхихдоо харамсахгүй байя гэж бодож байгаа бол боломжтой байгаа дээрээ сайн ажилла. Өөд болохдоо хэвтэх ор чинь зөөлөн байгаасай гэж хүсэж байгаа бол эрүүл саруул, эрч хүчтэй байгаа дээрээ дэмий өнгөрүүлсэн цаг хугацааны төлөө харуусах зүйлгүй байх нь чухал” хэмээн хэлсэн. Мэдээж ийм нөхцөл байдалд орсон хүн бүрт их бага ямар нэгэн хэмжээгээр харуусал байх нь гарцаагүй. Учир нь нас өндөр болсон хойно бид дахиж ууланд авирч, голд сэлж, хөндий талаар гүйж чадахгүй. Шат алгасан харайж, хүссэнээрээ өгсөж уруудаж чадахгүйд хүрнэ.

Гэхдээ Спаржеон үүнээс чухал зүйлийг хөндсөн. Насны нар шингэхийн цагт өнгөрүүлсэн амьдралаа эргэн харахдаа буруу замаар будаа тээж, амьдралынхаа он жилүүдээ дэмий өнгөрүүлснээ ойлгож ухаарах тэр харууслын тухай өгүүлсэн юм. Тэгвэл ийм харуусалд унахгүй байх хэдэн зөвлөгөөг би танд өгье. Та эдгээрийг дагавал таны амьдралд томоохон өөрчлөлт гарна гэдэгт итгэлтэй байна.

1. ОДОО хий. Төлөвлөсөн зүйлээ хийхдээ тэтгэвэрт гарчихаад л болъё гэж бүү хойш тавь. Хобби, мөрөөдлийн аялал, гэрийн засвар гээд энэ бүхнээ бүү хойш тавь. Бас найз нөхөдтэйгөө муудалцсан бол үзэн ядалт, уур хилэнгээ хойш тавиад яг одоо эвлэрэх алхам хий.

2. ОДОО төлөвлө. Бид зарим зүйлсийг яг одоо хийх боломжгүй байдаг. Мэдээж урьдчилан төлөвлөх шаардлагатай. Хүүтэйгээ загасанд явах, эхнэртэйгээ ойн баяраа тэмдэглэх зэрэг олон зүйлийг бид урьдаас төлөвлөх хэрэгтэй. Сайн сайхан юм бодоод яваад байх нь хангалтгүй. Зорилго бол цаг хугацаатай уялдуулсан мөрөөдөл. Тиймээс хойш тавилгүй яг одоо төлөвлө.

3. ОДОО хэл. Таны амьдралд маш их хөрөнгө оруулалтыг хийсэн багшдаа талархлаа илэрхийлэхийг хүсэж явдаг бол яг одоо хэл. Аав ээждээ ямар их хайртайгаа хэлэхийг хүсэж явсан бол одоо л хэл. Энэ мэт чухал үгсийг хэлэхдээ бүү хойш тавь. Яг одоо!

4. ОДОО Бурхантай эвлэр. Үхэхийнхээ өмнөхөн цагт биш, яг одоо Бурхантай эвлэр. Коринтын захидалдаа Паул Харагтун, одоо тааламжтай цаг. Харагтун, одоо авралын өдөр хэмээн онцолсон. Маш олон мундаг хүн ажил амьдралаа нарийн төлөвлөн, өндөр амжилтанд хүрсэн ч энэ тал дээр хойрго хандаж, үхэлтэй нүүр тулахын цагт Бурхантай эвлэрэхэд дэндүү оройтсон байдаг. Бурхантай эвлэрэх тухайд Библи юу гэдгийг олж унш. Тэгээд Бурхантай эвлэр. Хожим та мөнхийн улсын хаалгыг тогшин зогсохдоо амар тайван, баяр хөөрөөр дүүрэн байна.

Амьдралын хамгийн сүүлчийн цаг хүртэл юмсыг бүү хойш тавь.