ӨӨРИЙГӨӨ ҮГҮЙСГЭНЭ ГЭДЭГ НЬ?

ӨӨРИЙГӨӨ ҮГҮЙСГЭНЭ ГЭДЭГ НЬ?

Хэн нэг нь Миний араас дагахыг хүсвэл тэр нь өдөр бүр өөрийгөө үгүйсгэн, загалмайгаа авч Намайг дага Лук 9:23

Библид Хэн нэг нь Миний араас дагахыг хүсвэл тэр нь өдөр бүр өөрийгөө үгүйсгэн, загалмайгаа авч Намайг дага (Лук 9:23) гэж бичсэн байдаг. Хэн үүнийг зоригтойгоор тунхаглав? Тэр бол Назарын Есүс Христ. Назар гэдэг нь Түүний өссөн тосгон. Нэг өдөр Есүс дагалдагчдаасаа “Хүмүүс Хүний Хүүг хэн гэж ярьж байна?” хэмээн асуухад Петр Түүнд "Та бол Христ, амьд Бурханы Хүү мөн (Мат. 16:13-16) хэмээн хариулсан.

Үнэхээр Есүс эргэн тойрон, нийгмээсээ өөрөөр амьдрах эр зоригтой байснаас гадна түүхийн хуудсыг бүхэлд нь өөрчилсөн гэдэгтэй олон хүн санал нийлэх байх. Есүс дагалдагчдадаа аливаа зүйлийг яг байгаагаар нь хэлдэг байсан. Өөрийг нь дагах ямар хэцүү болохыг нуулгүй хэлсэн. Бүр зарим тохиолдолд Есүс дагалдагчдадаа Өөрийг нь дагахад маш хүнд байдалд оруулдаг байв.

Учир нь чин сэтгэлээсээ Христийг дагадаг цөөн тооны хүмүүс Ням гарагт сүмд ирж Өөрийг нь магтчихаад бусад өдрүүдэд мартчихдаг үй олон хүнээс хавьгүй ихийг гүйцэлдүүлж чадна гэдгийг Есүс сайн мэддэг. Өнөөдөр итгэгч гэсэн болгон өөрийгөө үгүйсгэдэггүй. Иймээс өнөөдөр хүмүүс Христитгэлийг хуурамч, утгагүй зүйл мэтээр хардаг.

Есүсийг дагалдагчдадаа “өөрийгөө үгүйсгэн, загалмайгаа авч Намайг дага” хэмээн хэлэхэд тэд загалмай гэж чухам юу болохыг ойлгож байсан. Золгүй хүмүүс үүн дээр нь хадагдан хөдөлж чадахгүй, эцэстээ амьсгалаа хураахыг олонтаа харсан. Есүсийг үнэхээр дагахыг хүсэж байгаа бол өөрсдийн хүсэл зориг, ашиг сонирхлыг хойш тавих ёстой гэдгийг тэд гүнээ ухамсарласан. Тэгвэл Есүс өнөөдрийн биднээс үүнээс багыг шаардана гэж үү? Бид ч бас Түүний хаанчлалыг ашиг сонирхлоосоо дээгүүр тавих учиртай.

Вайклифф Библийн орчуулагч Кен Жакобс Мексикийн Чамула Индианчуудын хэл рүү Библийг орчуулахдаа “үгүйсгэх” гэдэг үгийг буулгах гэж их зүдэрчээ. Учир нь тэдний хэл соёлд “өөрийгөө үгүйсгэх” гэдэг ойлголт байдаггүй аж. Ийнхүү Кен “Хэн нэг нь Миний араас дагахыг хүсвэл тэр зүрхнээсээ аминч хүслээ гаргаж хаяад, загалмайгаа авч Намайг дага” хэмээн орчуулсан гэдэг.

Эцэст нь хэлэхэд, Есүсийг дагана гэдэг бүхэлдээ сайн дурын үйл хэрэг. Есүс хэнийг ч хүчилдэггүй. Есүс тэнгэр дэх төгс орон гэр, энэ дэлхийн төгс амьдралаар хахуульддаггүй. Тэр зүгээр л “Нааш ир, Намайг дага” гэж урьдаг. Гэхдээ Тэр нэг л зүйлийг шаарддаг. Өөрийг нь дагаж байгаа бол Өөрийг нь нэгдүгээрт тавихыг.

“Христ хүнийг Өөртөө дуудахдаа түүнийг Өөр дээр нь ирээд үхэхийг урьдаг” хэмээн Диетрих Бонхоефер бичсэн. Тэрээр цааш “Учир нь өөрийгөө үгүйсгэнэ гэдэг өөрийн биш, Христийн хүслийг эн тэргүүнд тавьж, Есүсийн явсан замаар л замнахын нэр юм. Ингэхдээ бид хүнд хэцүү замыг биш харин урдаа яваа Христийг харахад хангалттай. Өөрийгөө үгүйсгэгч “Есүс урд яваа учир Түүнтэй л ойрхон явъя“ гэдэг” хэмээжээ. Өнгөрсөн хугацаанд загалмайн үг өчүүхэн ч өөрчлөгдөөгүй. Төмрөөр сийлж, алтаар цутгасан ч бай загалмай бидэнд өөрийгөө үхүүлж, дотор буй Христийг амьдруулах тухай л өгүүлдэг.

Үхлийн дараа амьдрал буйг байгалийн хууль хүртэл нотолдог. Үр үхэж газарт булагдахад тэндээс шинэхэн нахиа соёолдог. Энэ бол төгсгөл үгүй амьдралын эхлэл.