УУЧЛАХААС ИЛҮҮ

УУЧЛАХААС ИЛҮҮ

Иймээс бид Христийн төлөөх элчин сайд юм. Бурхан биднээр дамжуулан ятгаж байгаачлан Христийн төлөө та нараас бид гуйя. Бурхантай эвлэрцгээ. 2 Коринт 5:20

“Хүн бүрийн дотор ах дүүсийнхээ алдааг булж орхих томхон нүх хэрэгтэй” гэж Харрищт Уард Бичер хэлсэн. Харамсалтай нь бид оюун санааны банкиндаа найдвартай гэгч нь хадгалах эсвэл шүүгээндээ хураагаад тохиромжтой цагт гаргаж ирэн дайснаасаа өшөө авах зэвсэг болгодог.

Сүйт бүсгүй эцэг эхээсээ “Хуримд яагаад авга ахынхныг уриагүй юм бэ?” гэж асуухад тэд “Бид холбоо тасраад удаж байна. Нэг таагүй зүйлээс болоод мөр мөрөө хөөх болсон” гэж хариулав. Хурим найр гэдэг нурсан гүүрийг сэргээх тохиромжтой цаг биш ч бидэнд бусдыг уучлах, уучлаад зогсохгүй эвлэрэх цаг заавал байх ёстой.

Библийн цаг үед дайтаж байсан хоёр тал дайныг зогсоож энхийн гэрээ байгуулах болвол нэгэн онцгой зан үйлийг гүйцэтгэдэг байв. Үүнийг Еврейгээр Берит гэдэг. Энэ нь “ямар нэгэн зүйлийн завсраар гарах” гэсэн утгатай. Ингэхдээ сөргөлдөгч талууд тахил өргөж, тахилын махаа тэнцүү хуваан шарж болгоод хамтдаа иддэг байжээ. Энэ нь тэднийг цаашид дайсагнагчид биш, харин нэг талынхан болсон гэдгийг илтгэх зан үйл байв.

Эвлэрнэ гэдэг амаргүй. Үзэн ядалт, атаа хорслоо хойш тавиад биднийг хохироосон нэгэнтэй эвлэрэх ёстой болдог. Нөгөөтэйгүүр, эвлэрэл гэдэг яг л гэртээ урихтай адилхан. Бидний урмыг хугалж, хохироож гомдоосон хүмүүсийг үүдээ нээн гэртээ угтан авахтай адил. Тийнхүү сэвтсэн харилцаа маань эргэн нэгддэг. Бурхан биднийг уучлаад зогсохгүй эвлэрээсэй гэж хүсдэг.

1950-аад оны эхэнд, Солонгосын дайны үеэр Хойд Солонгосын нэгэн залуухан цэрэгт Өмнөд Солонгосын цэргийг цаазаар авах үүрэг оноож. Өсвөр насны тэр хүү уур хилэндээ автан нөгөө цэргийг гэр бүлийнхнийх нь өмнө буудаж хороов. Гэтэл хожим нь өөрөө Өмнөд Солонгосын цэргүүдэд баригджээ. Улмаар түүнийг хүүг нь хөнөөсөн хүн мөн эсэхийг таниулахаар цаазлуулсан цэргийн эцэг эхтэй нь нүүрэлдүүлэв. Хачирхалтай нь тэд нөгөө залууг өршөөхийг хүсчээ. “Энэ хүү уурлаж хорссондоо юу хийж байгаагаа мэдээгүй. Хүүг өршөөчих. Бид өргөж аваад хүүгийнхээ оронд өсгөе” гэж гуйсан гэдэг. Гайхсан цэргийн дарга тэдний хүсэлтийг биелүүлжээ. Хамгийн гайхалтай нь хүү хожим пастор болсон. Залуу хөвгүүн тэр гэрээс уучлал, мөн Бурханыг олсон юм.

Уучилна гэдэг маш чухал. Харин эвлэрэл бол бүр чухал! Танд буруу зүйл хийсэн хүн хэн ч бай (таны эхнэр нөхөр, хүү охин, эцэг эх) эвлэрэл бүхнийг өөрчилнө. Биднийг Өөртэйгөө  эвлэрэх боломжийг олгосон Бурханы нигүүлсэлд үргэлж талархаж амьдарцгаая.

Бурханы нигүүлсэл бидэнд бусдыг ч уучилж, уучлаад зогсохгүй цааш дахин нэг алхаж, эвлэрэх боломжийг өгдөг.