ЭВЛЭРЛИЙН УТГА УЧИР

ЭВЛЭРЛИЙН УТГА УЧИР

Иймээс чи тахилын ширээнд өргөл өргөх гэж байхдаа чиний эсрэг ямар нэг юм ах дүүд чинь байгааг санавал, өргөлөө тахилын ширээний өмнө орхиод замаараа буц. Эхлээд ах дүүтэйгээ эвлэр, дараа нь ирж өргөлөө өргө. Матай 5:23-24

Генерал Жеймс Эдуард Оглеторн нэгэн удаа Жон Уэслид “Би хэзээ ч уучилдаггүй” гэж хэлж гэнэ. Уэсли хариуд нь “Тэгвэл та гэм нүгэл огт үйлдэхгүй байсан нь дээр юм байна даа” гэж хэлсэн гэдэг. Уэсли яагаад ингэж хэлэв? Яагаад гэвэл бид хэлэх ёсгүй үгийг хэлж, хийх ёсгүй үйлдлийг хийн хайртай дотны хүмүүсээ гомдоох үедээ уучлал гуйх ёстой болдог. “Бусдыг уучилж чаддаггүй хүн өөрийнхөө явах ёстой гүүрийг нурааж байгаа нэгэнтэй адилхан” гэж Жорж Херберт хэлсэн.

Гэхдээ харьцангуй олон хүн бусдыг уучилдаг. Заримдаа дурамжхан байсан ч уучилдаг. Бусдыг уучлахгүй бол Бурхан өөрийг нь уучлахгүй гэж тэд боддог. Тиймээс тэд дуртай дургүй уучилдаг. Гэхдээ тэд цаад хүнээ уучилсан боловч таагүй сэтгэлээр хандсаар байдаг. Тэр хүнээ гэртээ урьдаггүй, урьдын адил зүрх сэтгэлээ уудлан ярилцахаа больдог.

Тэгвэл уучлах нь хангалттай гэж үү? Мэдээж биднийг гомдоосон нэгнийг уучлах амаргүй. Гэхдээ “Бурхан биднийг уучлалаас цааш дахиад нэг алхам хийж тэр хүнтэйгээ эвлэрэхийг хүсдэг” гэдгийг бид санах хэрэгтэй. Уучлал гэдэг нь би тухайн хүний хийсэн хар буруу зүйлийн эсрэг уур хорсол, үзэн ядалт тээхээ болино гэсэн үг. Харин эвлэрнэ гэдэг нь таныг гомдоож, урмыг чинь хугалсан тэр хүнтэйгээ харилцаа холбоогоо сэргээж, эргэн нөхөрлөнө гэсэн үг юм.

Уучлал бидний оюун санаанд явагддаг бол эвлэрэл бидний зүрх сэтгэлтэй холбоотой. Уучлал нь гартаа барьсан зэвсгээ хаяхын нэр бол эвлэрэл гэдэг нь эргэн холбогдохын нэр юм. Уучлал гэдэг нь дайн тулаанаа зогсоохын нэр бол эвлэрэл нь гэртээ эргэн ирэхийн нэр юм. Уучлал нь дайснаа үзэн ядахаа болихын нэр бол эвлэрэл гэдэг нь харилцаагаа эргүүлэн сэргээхийн нэр юм.

Олон хүний хувьд эвлэрэл гэдэг дэндүү хэцүү, дэндүү зовлонтой, дэндүү хохиролтой зүйл шиг санагддаг. Гэхдээ Бурхан биднээс уучлалаас гадна цааш нэг алхаж дайсантайгаа эвлэрэхийг шаарддаг.

Шинэ Гэрээнд гурван удаа эвлэрлийн тухай өгүүлдэг. Ингэхдээ Есүс бидэнд “ахан дүүстэйгээ эвлэрэх ёстой” гэдгийг хэлсэн. Хоёрдугаарт, нөхөр эхнэр хоёр хоорондоо эвлэрэх ёстой гэж хэлсэн. Гуравдугаарт, биднийг Бурхантай эвлэрэх ёстой гэдгийг хэлсэн. Та гайхаж байгаа бол Библиэс уншаарай.

Бидний мэдэх Уулын сургаалд Есүс ахан дүүстэйгээ эвлэрэх тухай өгүүлсэн. Яг юунаас болоод муудалцсан тухай өгүүлээгүй ч хоёр найз дайснууд болжээ. Тэдний нэг нь Бурханд өргөл өргөхөөр ирсэн тухай Есүс өгүүлсэн. Тэгээд Есүс Эхлээд ах дүүтэйгээ эвлэр, дараа нь ирж өргөлөө өргө гэж хэлдэг (Матай 5:24). Хэрвээ эхлээд ах дүүтэйгээ эвлэрэхгүй юм бол өргөл өргөх нь ч утга учиргүй гэдгийг тайлбарлав.

Мөн 1 Коринт захидал дээр Паул эхнэр нөхөр хоёр хоорондоо эвлэрэх тухай өгүүлдэг. Ингэхдээ Паул Хэрэв тэр салбал дахин гэрлэхгүй байг эсвэл нөхөртэйгөө эвлэрэг гэсэн байдаг (1 Коринт 7:11).

Гуравдугаарт, 2 Коринт 5:20 эшлэл биднийг Христийн элчин сайдууд гэдгийг сануулаад Бурхантай эвлэрэхийг ятгадаг. Паул Иймээс бид Христийн төлөөх элчин сайд юм. Бурхан биднээр дамжуулан ятгаж байгаачлан Христийн төлөө та нараас бид гуйя. Бурхантай эвлэрцгээ гэж бичсэн.

Төөрсөн хүүгийн сургаалт зүйрлэлд уучлал бол эхний чухал алхам мөн боловч уучлаад өнгөрөх нь хангалтгүй гэдгийг илэрхийлсэн. Төөрсөн хүү эцэгтээ эргэж ирэхэд эцэг нь түүнийг тэврээд зогсохгүй түүний төлөө найр хийдэг. Алга болсон хүү нь гэртээ эргэн ирсэн учраас тэр.

Эвлэрэл гэдэг яг л гэртээ эргэж ирэхтэй адил. Эхнэртээ, нөхөртөө, эцэг эхдээ, ах дүү нартаа мөн Бурхандаа. Энэ бол Бурханы хүслийн дагуух төгсгөл.