БУРХАНЫ ДУУ ХООЛОЙГ ХЭРХЭН СОНСОХ ВЭ?

БУРХАНЫ ДУУ ХООЛОЙГ ХЭРХЭН СОНСОХ ВЭ?

Энэ үеийн явдалд нийцэлгүй, харин оюун санааныхаа шинэтгэлээр өөрчлөгдөж байгтун! Тэгвэл Бурханы сайн, тааламжит, төгс төгөлдөр таалал юу болохыг таних болно. Ром 12:2

Эрдэмтэд анх сар руу нисэгчгүй хөлгийг хөөргөж туршжээ. Ингэхдээ пуужинг агаар мандалд оновчтой замаар нисгэхийн тулд нэгэн ухаалаг аргыг хэрэглэсэн юм. Хэдийгээр пуужин маш нарийвчилсан тооцооллын дагуу хөөрдөг боловч зарим тохиолдолд пуужингийн нисэх траекторт бага зэргийн өөрчлөлт орж хөлөг сансар огторгуйд төөрөн одох эрсдэл үүсдэг байв. Энэ гажуудлыг засахын тулд элдэмтэд пуужингийн дотор тусгай хүлээн авагч байршуулжээ. Улмаар дэлхий дээр байрлах сансрын станцаас радио долгион илгээж хөлөгт байгаа хүлээн авагч мэдээллийг хүлээн авч хөрвүүлээд нисэж буй чиглэлээ өөрчлөн залруулах боломжтой болжээ.

Үүний нэгэн адил хүний сүнс яг л пуужин дотор суурилуулсан хүлээн авагчтай төстэй. Эхлэл номд Бурхан хүнийг бүтээхдээ хамраар нь амийн амьсгалыг үлээн оруулахад хүн амьтай болсон гэж бичсэн. Хожим нь хүн амьдралд нь хандсан Бурханы зорилго төлөвлөгөөг үл тоон, Түүний эсрэг боссон. Үүнийг Библид гэм нүгэл хэмээн бичсэн. Ийнхүү хүмүүс гэм нүглийнхээ шийтгэлд үхлийг хүлээн авсан. Харин хүн өөрийн сүнслэг хэрэгцээг хүлээн зөвшөөрч, Аврагч руугаа эргэх юм бол цоо шинэ хүн болно. Зүйрлүүлбэл энэ нь цахилгааны богино холбоо үүсээд шатчихсан хүлээн авагчийг шинэ хүлээн авагчаар сольсонтой адил.

Хэрвээ таны амьдралд Бурханы удирдамж хэрэгтэй эсэх талаар эргэлзэж байгаа бол эргэн тойрныхноосоо буруу сонголт хийгээд амьдралаа сүйрүүлсэн хүмүүсийг анзаараад хараарай. Христэд итгэдэггүй хүн бол яг л радар ашиглахаас татгалзаж буй хөлөг онгоцны ахмадтай адил. “Би өөрөө хувь тавилангийнхаа эзэн нь” хэмээн тунхаглахдаа тэд хөлөг онгоцоо ямар сүйрэл руу жолоодож байгаагаа өөрсдөө ч мэддэггүй.

Тэгвэл Бурхан өнөөдөр ч биднийг Ариун Сүнсээрээ дамжуулан удирддаг гэж үү? Тийм! Гэхдээ энэ нь долгион хүлээн авагчаас шалтгаална. Хэрвээ бид сүнслэг долгион хүлээн авагчаа хэт сул дээр тааруулбал Бурханы дуу хоолойг сонсож чадахгүйд хүрнэ.

Хөл хөдөлгөөнтэй гудамжны буланд нэгэн залуу хараагүй найзтайгаа таарч. Тэнд шуугиантай байсан тул ярилцахад нилээд төвөгтэй байв. Гэтэл хараагүй найз нь залуугаас “Чи сая зоосон мөнгөө унагачихав уу даа?” гэж асууж гэнэ. Нөгөө залуу гайхаад хартал үнэхээр зоосон мөнгө халааснаас нь уначихсан байв. Залуу гайхаж найзаасаа яаж энэ их шуугиан дунд ийм чимээг сонсов? гэж асуухад “Сайтар бэлтгэвэл чи ч над шиг сонсож чадна” гэж хариулж. Тэр хүн хараагүй учраас жирийн хүнээс илүү чихээ ашигладаг байж. Тиймээс тэр хүн тийм сонор болсон хэрэг.

Тэгвэл энэ дэлхийн түнэр харанхуй биднийг нөмөрсөн ч бид чихээ Бурханы дуу хоолойг сонсоход дасгалжуулах хэрэгтэй. Бидний дотор эргэлддэг тэр олон бодлын шуугианаас болоод заримдаа Бурханы намуухан дуу хоолойг сонсож чаддаггүй. Хэрвээ та Бурханы хүслийг таньж мэдэх тал дээр өөртөө эргэлзэж байгаа бол өөрөөсөө дараах гурван асуултыг асуугаарай.

  1. Би өөрийнхөө хүсэл зоригийг үнэхээр хойш тавьж чаддаг уу?“Миний хүсэл биш Таны хүсэл биелэг” гэж чин сэтгэлээсээ залбирдаг уу?
  2. Бурхан хүслээ илчилбэл би түүнийг нь үг дуугүй дагахад бэлэн үү?
  3. Бурханы хүсэл гэж бодож байгаа таны шийдвэр Бурханы үгтэй нийцэж байна уу?

Хэрвээ та энэ гурван асуултад тийм гэж хариулбал та шийдвэрээ Бурханы хүсэл гэдэгт нилээд өндөр хувьтайгаар итгэж болно гэсэн үг. Тиймээс та бүү ай.

Бурханы хүсэл тэнгэрт шигээ газарт биелээсэй хэмээн хүсэмжилдэг хүмүүсийн үйлсээр дамжуулан Бурхан алдаршдаг.