БУРХАНЫ ХҮСЛИЙГ ХЭРХЭН МЭДЭХ ВЭ?

БУРХАНЫ ХҮСЛИЙГ ХЭРХЭН МЭДЭХ ВЭ?

Тиймээс бүү мунхаг бай. Харин Эзэний хүсэл юу болохыг ухаар. Ефес 5:17

Уиллиам Шекспир нэгэн жүжигтээ “Бидний хүсэл зоригийг тас цохин Бурхан Өөрийнхөө хүсэл зоригийг биелүүлдэг ажээ” хэмээн бичсэн байдаг. Өөрөөр хэлбэл Бурханы мутар бидний амьдралыг удирдан чиглүүлдэг. Заримдаа Бурханы удирдамж бидний хүсэл зоригийг ч давдаг болохыг Английн агуу зохиолч ийн өгүүлжээ.

Гэхдээ өнөөдөр Стратфордын алдарт зохиолчтой санал нийлэхгүй хүн олширчээ. Бурхан энэ дэлхийг бүтээгээд, тэнхлэгээр нь эргүүлж байхдаа хүмүүсийг өөрсдөө учраа олцгоо гээд зөнд нь хаячихсан гэдэгт итгэдэг хүн олон. Нөхцөл байдал тийм ч юм шиг харагдуулж болох. Гэхдээ Библи ингэж хэлдэггүй.

Бидний амьдралд хандсан зорилго төлөвлөгөө Бурханд байдгийг Библи тодорхой хэлдэг. Паул “Тиймээс бүү мунхаг бай. Харин Эзэний хүсэл юу болохыг ухаар" (Ефес 5:17) гэж хэлсэн. Үнэхээр учир нь олдохоо байсан энэ дэлхийд Бурханы үгийн удирдамж бидэнд зайлшгүй хэрэгтэй.

Тэгвэл бидний амьдралд хандсан Бурханы төлөвлөгөө юу бэ? Тэр төлөвлөгөөг бид яаж олж мэдэх вэ? Автомашины осолд орсон охиндоо маш эрсдэлтэй хагалгаа хийлгэх ёстой болсон нэгэн эх над руу захидал бичсэн. Охиноо энэ эрсдэлтэй мэс засалд оруулах уу яах вэ, Бурханы хүсэл юу болохыг тэр эмэгтэй асууж билээ. Бас нэг бизнесмэн арай бага цалинтай өөр албан тушаалд шилжих урилга авсан тухайгаа бичсэн. Түүний энэ шилжилт нь Бурханы хүсэл мөн эсэхийг мэдэхийг хүсчээ.

Тэгвэл бидний хувьд Бурханы хүслийг олж мэдэх эхний алхам бол тухайн гаргаж буй шийдвэртэй холбоотойгоор Библи дээр юу гэж бичсэнийг олж мэдэх. Библийн хуудас болгонд Бурхан бидэнд заавар зөвлөмжүүдийг өгсөн. Эдгээр нь бидний хувьд баримтлах зарчим. Библид бидний амьдрал, бүхий л асуудалтай холбоотой алтан зарчмуудыг өгсөн. Гэр бүл, нөхөрлөл, энэ дэлхийтэй харилцах харилцаа, бодол санаагаа хэрхэн хянах, хүсэл бодлоо яаж хязгаарлах зэрэг бүхий л асуудлын талаар. Тиймээс ч Дуулал номд “Таны үг миний хөл дэх дэнлүү, миний зам дахь гэрэл" (Дуулал 119:105) хэмээн өгүүлсэн.

Бурханы хүслийг олж мэдэх хоёр дахь алхам бол “Нөхцөл байдлаас Бурханы мутрыг би хэрхэн харах вэ?” гэж өөрөөсөө асуух. Заримдаа бидний өмнө үүд хаалга хаагдах үед сэтгэлээр унадаг. Гэтэл “Бурхан бидний өмнө илүү дээр үүд хаалгыг нээхийн тулд одоогийнхыг хаасан байж болох” гэж та бодож үзсэн үү? Энэ тохиолдолд та яах вэ? Харанхуйг зүхээд суусаар байх уу? Эсвэл Бурханы удирдамжийг дагаж гэрэл өөд алхах уу?

Би нэг зүйлийг товчхон сэрэмжлүүлэн хэлье. Хүмүүсийн гаргадаг нэг том алдаа бол анхнаасаа Бурханы хүслээс гадуурх зүйлс дээр хүслийг нь эрэлхийлэх гэж оролддог. Өнөөдөр маш олон хүн ийм алдаа гаргадаг. Хүмүүс зорилго нь үйлдлээ зөвтгөнө гэж боддог. Сайн санаагаар хийсэн үйлдэл, сайн зорилгын төлөө хийсэн үйлдэл Бурханы хуулийг зөрчихөөс илүү чухал гэж ойлгодог. Хайр байгаа бол гэр бүлээс гадуурх бэлгийн харилцаа байж болно гэж эндүүрдэг. Энэ мэтээр хүмүүс зорилго нь үйлдлээ зөвтгөнө гэж андуурдаг.

Харин Бурханы үгийн дагуу амьдрахыг хүсэгч ихэнх тохиолдолд олонхын эсрэг алхах ёстой болдог. Гэхдээ тэр үедээ тэд ганцаарцахгүй. Бурханы үгийн дагуу, үнэн зөвийн төлөө алхах эр зоригтой хүмүүс хэзээд бий.

Бурхан Ариун Сүнсээрээ дамжуулан дотроос маань ятгаж удирдамжаа өгдөг. Ариун Сүнс итгэгч бүрийн зүрхэнд оршдог. Тиймээс бид Ариун Сүнсний удирдамжаар алхах нь хэзээд чухал.