ХЭРХЭН ТЭНЦВЭРТЭЙ АМЬДРАХ ВЭ?

ХЭРХЭН ТЭНЦВЭРТЭЙ АМЬДРАХ ВЭ?

Гагцхүү эхлээд Бурханы хаанчлал ба зөвт байдлыг хайгтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно. Матай 6:33

Майкл Фортино бол цагийн менежментийн мэргэжилтэн. Тэрээр албан байгууллага, хувь хүмүүст хэрхэн илүү бүтээлч, илүү үр ашигтай ажиллахыг зөвлөдөг шилдэг зөвлөгч. Гэвч сүүлийн жилүүдэд Фортино зарим нэг зүйлс дээр бодол санаагаа өөрчлөх шаардлагатай болов. 1980-аад онд анх компьютер бий болсон. Харин одоо интернет, и-мэйл, гар утас, зурвас гээд маш олон зүйл бий болсон. Бидний ажлыг хөнгөвчлөх зориулалтаар бий болсон эд зүйлс эргээд бидний цаг хугацааг улам бүр хумслах болсон. 
Хүмүүс бидний хувьд тодорхой хугацаанд хийх ажлаа нэмэгдүүлж болох ч тодорхой цэгт хүрээд энэ нь цааш нэмэгдэх боломжгүй болдгийг Фортино ойлгов. Хэрвээ тэр цэгт хүрсэн бол түүнээс цааш нэмж хийх гэж оролдсон бүхэн бидний стрессийг нэмэгдүүлэхээс хэтэрдэггүй байх нь. Тиймээс Фортино биднийг резинэн болон шилэн бөмбөлгүүдээр жонглер тоглож буй жүжигчинтэй зүйрлэв. “Хэрвээ резинэн бөмбөгүүдээс нэг нь унавал тэр эргэж ойно. Харин шилэн бөмбөлөг унавал эргэж ирэхгүй. Харин тэрхүү шилэн бөмбөлгүүд бол таны гэр бүл, таны эрүүл мэнд. Хэрвээ эднийгээ алдвал хэзээ ч эргэж ирэхгүй” хэмээн Фортино зөвлөсөн.
“Бүгдийг амжуулах гэж, бүгдийг авах гэж, бүгдийг зохицуулах гэж, бүгдэд таалагдах гэж хичээснээсээ болоод бид сэтгэлийн шарх, шахалт дарамт, сэвтсэн гэр бүлүүдийг бий болгосоор байна” гэж тэрээр өгүүлэв.
Түүний зөв гэж үү? Энэ асуултад хариулахын тулд бид Филиппин, Малайз, Сингапур, Америк болон өөр хэд хэдэн жижиг арлуудад амьдардаг хүмүүсээс авсан судалгааныхаа тухай товч дурдъя. Би энэ бүх орнуудад гэр бүлийн конференцид хамрагдаж байсан. Тэр бүртээ би хүмүүсээс амьдралынх нь хамгийн том асуудлын талаар асуудаг. Тэгээд бид том хотод амьдардаг, жижиг тосгонд амьдардаг, бизнес хийдэг, газар тариалан эрхэлдэг, үйлдвэрт ажилладаг гээд бүх хүнийг ангилж үзсэн. Гэтэл хаана амьдардаг, юу хийдэг, ганц бие, өрх толгойлсон, эсвэл гэр бүлтэй эсэх нь ялгаагүй бүх хүн бараг адилхан хариулт өгсөн. Тэдний хувьд амьдралд нь тулгарч буй дугаар нэг асуудал юу байв? Тэд “Жил ирэх тусам өсөн нэмэгдэж буй үүрэг хариуцлага, санхүүгийн болон бусад дарамтыг тээж явах, тэр бүхэнд нийцүүлэн цаг заваа тохируулах нь хамгийн хэцүү” гэцгээсэн юм. Би ч энэ үр дүнд нилээд гайхсан. Учир нь би зөвхөн том хотод амьдардаг хүмүүс л ингэж хариулах болов уу гэж бодож байтал үгүй байв.
Хэрвээ таны амьдралд ч бас ийм асуудал тулгарч байгаа бол би танд дараах гурван чухал зөвлөмжийг өгье.
Зөвлөмж #1: Тэнцвэртэй байдлаа хадгал. Давалгаанд цохигдон живж байгаа хүн бусдыг аварч чадахгүй. Тиймээс та өөрийн эрүүл мэнд, Бурхантай харилцах харилцаа зэрэг амин чухал зүйлсийг бүү орхигдуул. Мэдрэмжээ хяна. Эс тэгвэл бид маш олон зүйлд хэтэрхий эмзэг хандаж, өөртөө асуудал нэмж эхэлдэг. Өөртөө цаг гаргаж, Бурханы үгээс уншиж судлан, залбирснаар шинэ өдрийг эхлүүлж занш. 
Зөвлөмж #2: Бүгдэд таалагдах гэж бүү оролд. Угаасаа энэ нь боломжгүй! Цаг хугацаа, эрч хүч, нөөц бололцоогоо ач холбогдолтой зүйлст зарцуул. Бүх хүнд таалагдах гэж оролдох нь бүтэлгүйтлийн гол шалтгаан. Тиймээс хэзээ эелдэгхэн, шийдэмгий “үгүй” гэж хэлэхээ мэддэг бай.
Зөвлөмж #3: Таны хувьд юу нь чухал болохыг тодорхойл. Аль нь илүү чухал вэ? Цэвэрхэн гэр орон уу, эсвэл үр хүүхэдтэйгээ өнгөрүүлэх цаг хугацаа юу? Илүү цагаар ажиллаад дансандаа арай илүү мөнгөтэй байсан нь дээр үү, эсвэл сургууль дээр нь очоод хүүгийнхээ тоглолтыг үзэх нь дээр үү?
Бидний амьдралд хандсан Бурханы хүсэл зорилго бий. Үүнд бидний цаг зав, гэр бүл, ажил төрөл бүгд багтдаг. Тиймээс бид өөрсдийн харааг Бурханы хараанд нийцүүлэхийн тулд Бурханы зөвлөгөөг хүсэх нь чухал. Тэгж байж бид чухал биш зүйлсийг чухал зүйлсээс ялгаж чадна.

Таны амьдрал бол ар араасаа хөврөх сонголт. Энэ сонголтыг ганцхан та л хийх болно гэдгийг битгий мартаарай.