ТЭНГЭРЭЛЧ БОДИТОЙ ЮУ?

ТЭНГЭРЭЛЧ БОДИТОЙ ЮУ?

ЭЗЭНий тэнгэрэлч эмээгчдийнх нь эргэн тойронд байж тэднийг чөлөөлнө. ЭЗЭН сайн гэдгийг амсацгаа, үзэцгээ! Дотор нь хоргоддог нэгэн юутай ерөөлтэй вэ! Дуулал 34:7-8

Жош Деннис хүү тэнгэрэлч нар бодитой гэдэгт бүрэн итгэдэг. Тэр өөрөө үүнийг амьдралаараа мэдэрсэн юм. Түүний хамрагддаг байсан Скаутын баг нууцлаг уурхайг судлах үед Жош хүү багийнхнаасаа салж төөрчээ. Түүнийг алга болоход хүмүүс хэдхэн цагийн дотор олдчихно гэж найджээ. Гэвч хэдэн цаг бүү хэл хэд хоног өнгөрсөн ч хүүг олсонгүй. Гүн уурхай доторх нүх сүв, ан цавуудыг хайгуулчид тооцоолоогүй учраас эрлийн ажил ийн удааширчээ.
Жош Христэд итгэгч гэр бүлд төрж өсчээ. Улмаар энэ үйл явдал болохоос хэдхэн хоногийн өмнө Жош ээжтэйгээ нэг зүйл дээр маргалдсан байна. “Хэрвээ итгэлтэй байвал та бүх зүйлийг хийж чадна” гэж Жошийг хэлэхэд ээж нь “Бараг бүх зүйлийг” хэмээн залруулжээ. Харин Жош “Үгүй ээ, бүх зүйлийг хийж чадна” хэмээн зүтгэв. 
Харанхуй уурхайд төөрсөн 10 настай Жош эхэндээ айж маш их залбирчээ. Гэтэл гэнэт нэгэн дуу хоолой түүнд “Бүү санаа зов. Чамайг олох болно” хэмээн хэлэх шиг болов. Орон нутгийн удирдлагууд эрлээ зогсоохын даваан дээр Жон Скиннер гэгч залуу тэдэнд туслахаар нэгджээ. Улмаар Жон Скиннер орхигдсон уурхай руу ороод 30 минутын дотор хүүг олжээ. Жошийг олох үед олон жил уйлаагүй хүмүүс хүртэл уйлжээ. Гэтэл Жош хүү ер бусын тайван байв. “Тэнгэрэлч нар намайг тайвшруулж байсан. Намайг олно гэдгийг би мэдэж байсан” гэж тэр тайвнаар хариулсан гэдэг. 
Өнөөдөр олон хүн тэнгэрэлчийг тоглоом шоглоом болгодог. Гэтэл тэнгэрэлчийг бодитой гэдгийг мэдэрсэн хүмүүс тэдэнд хэзээ ч хөнгөн хийсвэр байдлаар ханддаггүй. Жишээ нь: Библи 300 удаа тэнгэрэлчийн тухай өгүүлдэг. Мөн тэнгэрэлч нарын үйлчлэл өнөөдөр хүртэл үргэлжилсээр байгаа гэдгийг няцаах ямар нэгэн үг Библид бичигдээгүй. Харин ч эсрэгээрээ Еврей номд тэднийг “бүгдээрээ авралыг өвлөгчдийн төлөөх үйлчлэлд илгээгдсэн үйлчлэгч сүнснүүд биш үү?” (Еврей 1:14) хэмээн бичсэн байдаг. 
Өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт Сатаны хүч чадлыг шүтэн биширдэг бүлгэмүүд бий болсоор. Тэд долоо хоног бүр цуглаж тэнгэрээс унасан тэнгэрэлч Сатанд хүндлэл мөргөл өргөдөг. Гэтэл эсрэгээрээ итгэгчид тэнгэрэлчийн тухай ярихаар хий юм үздэг гаж хүмүүс мэтээр ханддаг.
Тэгвэл Библи тэнгэрэлч нарын тухай юуг өгүүлдэг вэ? Маш олон зүйлийг өгүүлдэг. Жишээ нь: Еврей номд тэнгэрэлч нарыг “үйлчлэгч сүнснүүд”, “үй түмээрээ байдаг” (Еврей 1:14, Еврей 12:22) гэдэг бол Колоссай номд “бүтээлүүд” (Колоссай 1:16) хэмээн өгүүлсэн байна. Тэд хүмүүс биднээс ялгаатай нь байгалийн хуульд захирагддаггүй (Үйлс 12:7). Мөн Библиэс харвал тэнгэрэлч нарын дотор зэрэг дэвийн ялгаа бий (Колоссай 1:16, Даниел 10:12-21). Мөн тэд биднээс хавьгүй илүү ухаантай (2 Самуел 14:20).
Шинэ болон Хуучин Гэрээнд тэнгэрэлч нарыг ер бусын хүч чадалтай хэмээн өгүүлдэг. Ганцхан тэнгэрэлч нэг шөнийн дотор 185 мянган Ассирийн дайчдыг хөнөөж, Есүсийг амилах үед нэг тэнгэрэлч булшны таг болох бул чулууг зайлуулсан. Мөн Петрийг ч мөн тэнгэрэлч шоронгоос чөлөөлсөн.
Тэнгэрэлч нар ихэвчлэн нүдэнд үзэгддэггүй учраас хүмүүс тэднийг байдаг гэдэгт эргэлздэг. Гэхдээ би хувьдаа тэнгэрэлч амьдралд маань бидний бодож төсөөлдгөөс ч илүү нөлөөлдөг гэдэгт итгэдэг. 
Дуулал номд “ЭЗЭНий тэнгэрэлч эмээгчдийнх нь эргэн тойронд байж тэднийг чөлөөлнө. ЭЗЭН сайн гэдгийг амсацгаа, үзэцгээ! Дотор нь хоргоддог нэгэн юутай ерөөлтэй вэ!” (Дуулал 34:7,8) хэмээн бичигдсэн байдаг. Тэгвэл бид тэнгэрэлчид залбирч, түүнд мөргөх ёстой юу? Мэдээж үгүй. Учир нь тэд Бурханы хүслийн дагуу л ажилладаг.

Хүүхдүүдээ анхаарч халамжилдаг эцэг хүний адил Бурхан тэднийг харж ханддаг. Бурхан тэнгэрэлчээрээ дамжуулан та биднийг ч мөн ивээн сахидаг.