УТГА УЧИРТАЙ АМЬДАРХУЙ

УТГА УЧИРТАЙ АМЬДАРХУЙ

Үнэнээр үнэнээр Би чамд хэлье. Хэн дээрээс эс төрнө, тэр Бурханы хаанчлалыг үзэж үл чадна.  Иохан 3:3

1961 оны 7 сарын 3-ны Даваа гарагийн сонины нүүрэнд “Хемингуэй зуурдаар таалал төгсчээ” гэх мэдээ гарч олныг цочроосон юм. Зохиолуудыг нь шимтэн уншдаг тэр мундаг зохиолч ийнхүү өөрөө өөрийнхөө амьдралд цэг тавьжээ. Хэмнигуэй бол үнэхээр эр хүн шиг эр хүн байсан. Би түүний бичиглэлийн хэв маягт дуртай төдийгүй амьдралын аливаа хатуу хүтүүгээс огт халгаж зүрхшээдэггүй зоримог хүн хэмээн хүндэлж хайрладаг байсан юм. Тэрээр дайны тухай, бухын тулааны тухай, ан ав хийх тухай бичиж эр хүн хүнд бэрхтэй зоригтойгоор нүүр тулж буй тухай уран яруугаар илэрхийлж чаддаг байсан нь тухайн үеийн ямар ч залуусын сэтгэлийг эрхгүй татдаг байв. 
Гэтэл тэр хүн өөрийнхөө гараар амьдралаа цэглэв. Тэр амьдарсан шиг амьдарсан. Сайн ч уудаг байж. Гэхдээ Хемингуэй өөрийнх нь зарим номд гардаг амьдралын тэр сайн сайхныг өөрөө хэзээ ч олсонгүй.
Хэмингуэйн талаар бодохдоо би Библи дээр гардаг өөр нэгэн баатрын тухай өөрийн эрхгүй боддог юм. Тэр хүн Эрнест Хэмингуэйтэй адилхан алдар нэртэй, аанай л амьдралын утга учрыг эрэлхийлдэг нэгэн байж. Харамсалтай нь Хэмингуэй энэ эрэлдээ шантарч, амьдралаа дуусгах сонголт хийв. Харин нөгөө хүн хайн явсаар өөрийнх нь амьдралыг утга учиртай болгож чадах тэр зүйлийг олсон юм. 
Тэр хүний нэр бол Никодем. Та түүний тухай Иохан 3-р бүлгээс уншиж болно. Никодем бол нэр алдартай байсан. Тэрээр Иудейн дээд зөвлөлийн гишүүн байсан гэдэг утгаараа маш нэр нөлөөтэй байв. Гэхдээ түүний зүрх сэтгэл хоосон байсан. Тэрээр амьдралын утга учрыг эрэлхийлэн явсаар Есүс дээр шөнөөр ирсэн байдаг. Өөрийг нь хүмүүс янз бүрээр хэлэх вий гэж эмээсэндээ тэр харанхуй шөнөөр халхавч хийн Есүс дээр сэмхэн ирсэн. 
Харин Есүс тэр хүний алдар хүндээс сүрдсэнгүй. Асуудлын голыг улаан нүүрэн дээр нь хэлсэн. Есүс түүнд “Үнэнээр үнэнээр Би чамд хэлье. Хэн дээрээс эс төрнө, тэр Бурханы хаанчлалыг үзэж үл чадна” (Иохан 3:3) хэмээн хэлсэн. Үнэхээр Есүс түүний алдар нэр, эд хөрөнгө, хэргэм зэргээс сүрдээгүй.
Никодемтай ярилцах үедээ Есүс та бидний мэдэх нэгэн гайхалтай үгийг хэлсэн. “Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн тул Хүүд итгэдэг бүхэн мөхөхгүй харин мөнх амьтай байх болно” (Иохан 3:16).
Есүстэй уулзсан тэр нэгэн шөнийн уулзалт Никодемд хүчтэй нөлөөлсөн. Улмаар хожим нь Никодем Есүсийн үйлдлийг өмгөөлж, тэр бүү хэл Есүсийн цогцсыг загалмайнаас буулгаж ёс заншлын дагуу оршуулах хүсэлтийг тавьсан.
Өнөөдөр бид Никодемын нэгэн адил амьдралын утга учрыг эрэн хайсаар. Эрнест Хэменгуэй шиг алдрын оргилд хүрсэн ч амьдралын утга учрыг олж чадаагүйдээ гутарч, амьдралдаа цөхөрсөн олон хүн бидний эргэн тойронд бий. Хүмүүс бид амьдралдаа тодорхой амжилтанд хүрэх зорилго тавиад түүн рүүгээ тэмүүлэн урагшилдаг. Гэвч зорилгодоо хүрсэн хойноо тэр оргилоос бодож төсөөлж байсан аз жаргал, утга учрыг олж чадахгүй юм байна гэдгээ ухааран зүрх сэтгэлдээ хоосон орон зайг тээсээр хоцордог. Нэгэн удаа Есүс “Учир нь хүн бүх ертөнцийг олж авсан ч амиа алдвал ямар ашиг байх билээ? Эсвэл амийнхаа оронд тэр юугаа өгөх билээ?” (Матай 16:26) хэмээн хэлсэн.
Та өөрийнхөө амьдралыг хэрхэн хэмжих вэ? Амжилтаар уу? Утга учраар уу? –Энэ хоёр бие биеэ үл нөхөх ойлголтууд. Харин ч эсрэгээрээ амьдралын утга учир амьдралд амжилтыг өөрөөр хэмжих цоо шинэ хэмжигдэхүүнийг бий болгодог. Маш олон хүн амжилтыг эд хөрөнгө, эрх мэдэл, алдар нэрээр төсөөлдөг. Тэгээд тэд амьдралаа илүү утга учиртай болгох боломжоо алддаг.
Тэгвэл та Иохан 3-р бүлгийг уншаарай. Магадгүй Никодемд хэлсэн Есүсийн үгс таны амьдралд ч бас цоо шинэ шийдлийг өгөх ч юм билүү?