ӨГЛӨӨ БҮР УРАМ ЗОРИГТОЙ БОСОХ НЭГЭН ШАЛТГААН

ӨГЛӨӨ БҮР УРАМ ЗОРИГТОЙ БОСОХ НЭГЭН ШАЛТГААН

«Эхийн хэвлийд чамайг бүрэлдүүлэхээсээ өмнө Би чамайг мэдэж байсан. Төрөхөөс чинь өмнө Би чамайг ариусгаж, үндэстнүүдэд эш үзүүлэгч болгон чамайг томилсон» гэж хэлэхэд Би —Аяа, Эзэн БУРХАН! Харагтун, би бага залуу тул хэрхэн ярихыг мэдэхгүй гэв. Харин ЭЗЭН, надад —«Би бага залуу» гэж бүү хэл. Учир нь чамайг илгээх газар бүрд минь чи явах болно. Чамд тушаах бүхнийг минь чи ярих болно. Иеремиа 1:5-7


Тэр анхнаасаа од болохыг хүсээгүй. Эгэл жирийн амьдралыг хүсэж байсан ч амьдрал нь ээдрээтэй, адармаатай байв. Хэдий залуу, туршлагагүй байсан ч амьдралынхаа турш агуу удирдагчидтай нүүр тулах ёстой болсон. Түүний нэр бол Иеремиа. МЭӨ 7-р зууны үед амьдарч байсан эш үзүүлэгч Иеремиа бодит байдалдаа гутранги хандаад зогсохгүй удахгүй болох аймшигтай сүйрлийг урьдчилан хардаг нэгэн байжээ.
Тэгвэл Иеремиа гэж хэн байв? Тэр яагаад тийм гутранги үзэлтэй байв? Тэрээр Иерусалим хотоос өмнө зүгт 4км орчим зайтай орших жижиг тосгонд тахилчийн гэр бүлд төрж өсчээ. Түүний эцэг Хилкиаг Иосиа хаанд хуулийн номыг өгч сэргэлтийг авчирсан тахилч Хилкиаг мөн байсан болов уу гэж таамагладаг.
Харин 21 насандаа Иеремиа Бурхантай уулзсанаар түүний амьдрал бүхэлдээ өөрчлөгдсөн. Угтаа бол Иеремиа ийм амьдралыг хүсээгүй. Тиймдээ ч нэг удаа өөрийнхөө төрсөн өдрийг хүртэл харааж байсан тохиолдол бий. “Нулимсан эш үзүүлэгч” хэмээн алдаршсан Иеремиагийн бүх амьдрал нэг л зорилгын төлөө байсан. Энэ нь “муу мэдээг дуулгах”. Учир нь тухайн үед Иудагийн ард түмэн Эзэн Бурханаа хиймэл шүтээнүүдээр сольж, Молехийн галд үр хүүхдүүдээ хаяж тахил өргөдөг болсон ажээ (Иеремиа 32:35).
Бурхан Иеремиаг дуудах үед нь тэр үүрэгт ажлыг гүйцэтгэж чадахгүй хэмээн гурван шалтаг тоочдог. Эхлээд тэр “Би хэтэрхий залуу”, дараа нь “Би сайн ярьж чадахгүй” гэж хэлсэн. Сүүлд нь өөрийгөө ямар ч туршлагагүй гэдэг. Харин Бурхан түүнд “«Би бага залуу» гэж бүү хэл. Учир нь чамайг илгээх газар бүрт минь чи явах болно. Тэднээс бүү ай. Би чамтай хамт байж, чамайг аврах болно” (Иеремиа 1:4-10) гэж хэлсэн. Иеремиа номоос харах юм бол Бурхан Иеремиагийн аманд мутраа хүргэж, Түүний аманд үгээ өгсөн тухай бичсэн байдаг. 
Бурханы зөрүүд ард түмэн Үгийг сонсохгүй гэдгийг, тэднийг ямар аймшигтай хувь тавилан хүлээж буйг Иеремиа анхнаасаа мэдэж байв. Энэ аймшигт хүнд ачааг Иеремиа дотроо тээн ганцаараа амьдрах ёстой байсан. Учир нь Бурхан түүнд гэр бүлтэй болж үр хүүхэдтэй болохыг нь хориглосон. Зүйрлүүлбэл Иеремиа яг л хүүхдүүдээ Эзэний замаар өсгөхийг хичээсэн ч тэд нь буруу замаар явж, гарцаагүй ирэх сүйрлийг хүлээгээд суухаас өөр замгүй өрх толгойлсон эх шиг байдалд орсон байв.
Тэгвэл энэ бүх хүнд цаг үеийг Иеремиа хэрхэн даван туулсан бол? Синтиа Хилд энэ тухай өгүүлэхдээ “Иеремиа өглөө бүр сэрэхдээ, тэр өдрийг “Эзэнтэй хамт, Эзэний төлөө өнгөрүүлэх өдөр” гэж хардаг байсан” хэмээн бичжээ. Ерөөсөө л энэ! Бидний нөхцөл байдал сайн муу ямар ч байсан, хэрвээ бид тэр өдрийг Эзэнтэй хамт эхлүүлж, Эзэнтэй хамт өнгөрүүлэх юм бол тэр өдрийг бид амжилттай өнгөрсөн өдөр гэж тооцож болно. 
“Иеремиагийн хувьд тийм олон жил тууштайгаар үйлчилж чадсан гол нууц нь түүний “зорилгоор удирдуулсан амьдрал” байсан” хэмээн Хилд бичсэн. “Иеремиа 23 жилийн турш өдөр бүр Эзэний төлөө үйлчилсэн. Тэр өглөө бүрийн нарыг угтахдаа “энэ өдөр бол хүмүүсийн төлөө биш харин Эзэний төлөө өнгөрүүлэх ёстой өдөр” гэж харж байсан. Тэр бусдын гадуурхлаас халгах биш харин Бурхантай уулзах гэж босдог байв. Тэрээр бусдад доромжлогдох гэж биш харин Эзэнтэйгээ хамт байх гэж босдог байсан. Энэ бол түүний тууштай амьдралын нууц юм” гэж Синтиа Хилд үргэлжлүүлэн бичжээ. 
Бурхан Өөрөө ч Иеремиатай хамт байхаа амласан. Тиймээс ч Иеремиагийн амьдралын өдөр тутмын тэмцэл дунд Бурхан үргэлж түүнтэй хамт байсан. МЭӨ 597 онд Небухаднеззар болон түүний их цэрэг Иерусалимыг эзлэх үед Иеремиаг Египет руу явсан гэж үздэг. 


Тэгвэл Иеремиад хүчийг өгч байсан Бурханы тэр л үг өнөөдөр ч та бидэнд Эзэний хүслийн дагуу амьдрах тэсвэр тэвчээртэй байх хүчийг өгсөөр байдаг юм шүү. Хэрвээ Эзэнтэй хамт байх нь өдөр бүрийн тань туйлын зорилго байх юм бол та амьдралдаа хэр сэтгэл хангалуун амьдарч чадах вэ? Сайн бодоод үзээрэй.