ИТГЭЛЭЭ АМЬДРАЛААРАА ХАРУУЛАХ НЬ

ИТГЭЛЭЭ АМЬДРАЛААРАА ХАРУУЛАХ НЬ

Иймээс та нарын хэн нь ч байгаа бүхнээсээ эс татгалзваас Миний шавь байж чадахгүй. Лук 14:33
Эрнест Хэмингуэй нэгэнтээ “эр зориг гэдэг бол залбирсны дараах айдас юм” хэмээн тайлбарласан байдаг. Энэ үг үнэн болохыг Замбоанга хотын нэгэн эр үнэхээр баталсан. Өмнөд Филиппиний Минданао мужийн томоохон хотуудын нэг Замбоангад маш гайхалтай үйл явдал болжээ. Замбоанга бол шашны зөрчил тэмцэл газар авсан үнэхээр аюултай бүс нутаг юм.
“Понго” гэдэг хочтой залуу Алс дорнодын радио телевиз компанийн нэг радиогийн салбарт радио инженерээр ажилладаг байв. Нэгэн өдөр түүнийг ажил дээрээ байхад Исламын шашинт хэдэн залуу халдлага үйлджээ. Тэд байгууллагынх нь хашаанд мотоциклтой ирээд студи руу дайран орж автомат буугаар шүршсэний улмаас радиогийн өөр нэгэн инженер Грег Бакабис болон Сайнмэдээний нэвтрүүлэг бэлтгэн хүргэдэг пастор Грег Халапа нар харамсалтайгаар амиа алдсан юм. Энэ аймшигт үйл явдлыг нүдээрээ харсан Понго маш хүнд цохилтод оров. Амиа алдах дараагийн хүн өөрөө байж болохыг тэр дороо ухаарчээ. Тэрээр эхнэр хүүхэдтэй учраас эрсдэл гаргахыг хүссэнгүй. Тэрээр шаахайтай мотоциклоороо таксинд явж гэр бүлээ тэжээх хангалттай мөнгө олчихно гэж боджээ. Тэгээд ч террористуудад буудуулж байхаар хүн зөөж явсан нь илүү аюулгүй санагдав. 
Ингээд Понго Христитгэлт радио станцын ажлаасаа гарах өргөдлөө өгөв. Ингээд хэд хоног таксинд явжээ. Гэвч Есүс Христийн нэрийн улмаас амиа алдсан хоёр хүний тухай бодол түүний толгойноос салсангүй. Есүсийг баригдсан орой Түүнийг орхиод зугтаасан дагалдагч нарыг Понго тэр үед маш сайн ойлгожээ. Тэгээд Понго “Ерөөсөө больё” гэж шийджээ. Тэгээд тэрээр буцаад ажилдаа орох өргөдөл бичиж өгөв. Хэрвээ үхэх ёстой бол автын ослоор биш, харин Христийн нэрийн төлөө үхмээр байна гэж тэр хэлсэн юм. 
Ингээд Понго ажилдаа эргэн орж хичээнгүйлэн ажиллаж эхлэв. Тэр залбирсаар, хүлээсээр байв. Гэтэл нэг өдөр хүлээсэн мөч иржээ. Тэдний хашаа руу баахан мотоциклтой хүмүүс давхин орж ирэв. Өмнө нь ийм мотоциклтой хүмүүс дайрч орж ирснийг мэдэх учир радиогийн ажилчид бүгд айж дор бүрнээ нуугдацгаажээ. Зарим нь ширээн дор, зарим нь шүүгээний ард, харин зарим нь хувцасны шүүгээн дотор нуугдах гэж оролдов. Гэтэл Понго эсрэгээрээ тайван гэгч нь студи руу алхан ороод эфирийн ширээний ард суулаа. “Хэрвээ би буудуулж үхэх ёстой бол ширээнийхээ дор нуугдаж биш, харин радиогоор Сайнмэдээ дамжуулж байгаад үхнэ гэж бодсон юм” хэмээн хожим нь тэрээр дурсан ярьсан юм. Аз болоход энэ нь хуурамч түгшүүр байж хэн ч амь насаа алдаагүй. 
Юутай гайхалтай эр зориг вэ! Эрнест Хэмингуэйн хэлсэн үг үнэн байв. Айдсаасаа болоод залбирсан хүн дараа нь гайхамшигтай эр зоригтой болдог. Понго бол гарцаагүй итгэлийн баатруудын нэг. 
Учир нь жинхэнэ баатрууд хэвлэл мэдээллийн нүүрэнд гарч тэр бүр олны анхаарал татаад байдаггүй. Эсрэгээрээ тэд хэнд ч мэдэгдэлгүйгээр Бурханы төлөө амьдарч, Түүний төлөө амь хайрлалгүй зүтгэдэг. Өнөөдөр ийм итгэлийн баатрууд бидний эргэн тойронд амьдарсаар байгаа. Узбекистан, Сири, Иран зэрэг олон газарт тэд итгэлийнхээ улмаас ажлаасаа халагдан, сургуулиасаа хөөгдөж, зодуулж нүдүүлэн тэр бүү хэл амиа алдацгааж байна.
Үйлс номд Паул Барнаб хоёрыг “бидний Эзэн Есүс Христийн нэрийн төлөө амиа зориулсан хүмүүс билээ” (Үйлс 15:26) хэмээн тодорхойлсон. Үүний нэгэн адил Понго шиг хүмүүс үнэхээр Эзэн Есүс Христийн нэрийн төлөө амиа зориулагсад билээ. Үнэхээр тэд бол итгэлийн баатрууд.
Тэгвэл та итгэлийнхээ төлөө амьдралдаа юуг эрсдэлд оруулж чадах вэ? Эд хөрөнгөө юу? Нэр алдраа юу? Амь насаа юу? Понгогийн хувьд тэр шийдвэрээ гаргасан. Тэр Есүс Христийг дагах шийдвэр гаргасан билээ.