ТАНЫ ДНК-Д БУРХАН БИЙ ЮУ?

ТАНЫ ДНК-Д БУРХАН БИЙ ЮУ?

Та нар Намайг хайх бөгөөд бүхий л зүрхээрээ Намайг хайвал олно. Иеремиа 29:13
Филиппиний Умард Лузон мужид шинэ байранд орохдоо хүмүүс нутгийн бөөг урьж, босгон дээрээ тахианы цус цацуулж муу сүнсний эсрэг тарни уншуулдаг уламжлалтай. Мъянмарын Янгонд байдаг Шедагон Пагода сүмд орохдоо мөргөлчид заавал гутлаа тайлж шатаар өгссөөр алтан Буддагийн өмнө удаан хугацаагаар завилан сууж, амьдралаа эргэцүүлэн боддог заншилтай. Өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт хүмүүс өөр өөрсдийнхөө бурханд мөргөл хүндэтгэл өргөж байна. Ням гараг бүр үй олон хүн гартаа Библи барьсаар цуглаандаа явдаг. Хүн бүр л өөр өөрсдийнхөөрөө Бурханд хүрэх гэж оролдож буй нь энэ.
Хаа сайгүй янз бүрийн сүм дуган, шашны цугларалт, тахил шүтээнүүд байдаг. Яагаад? Хүмүүсийн мөн чанарт нь шашинлаг чанар байдаг гэж зарим антропологичид тайлбарладаг. Тэгвэл хэн бидэнд ийм чанарыг суулгаж өгөв? Христэд итгэгчид “Бурхан. Тэр л биднийг ингэж бүтээсэн” гэж шууд л хариулах байх. Зарим эрдэмтэд “Энэ нь хүмүүсийн ген буюу ДНК-д байдаг” гэжээ. Молекулын биологич Дин Хамер “Бурханы ген: Итгэл бидний генд хэрхэн нөлөөлдөг тухай” гэх нэгэн сонирхолтой ном бичсэн. Тэрээр хүний итгэл үнэмшил хүний гентэй холбоотой. Бурханыг эрж хайхад зориулсан ген байдаг тухай өгүүлжээ. “Бидний сониуч зан, “Яагаад?” гэж асуухад хүргэж буй тэрхүү хүсэл эрмэлзэл нь хүнийг Бурханы дүр төрхийн дагуу бүтээгдсэн гэдгийг, цаашлаад Бурхан байдаг гэдгийг нотлох нэгэн нотолгоо юм” хэмээн Др.Хью Росс хэлжээ.
Үнэндээ Бурханыг таньж мэдэх гэсэн хүсэл бидний бодол уу эсвэл бидний ДНК-тай холбоотой зүйл үү гэдэг үнэндээ тийм ч чухал биш. Харин Бурханыг таньж мэдэх гэсэн хүсэл, энэ орчлон хорвоод мэндэлснийхээ учир утгыг ойлгох гэх тэмүүлэл, Бурхантай эвлэрэх сэтгэл байна гэдэг л хамгийн чухал нь. 
Эцэст нь Бурхан бидэнд Өөрийг нь эрж хайх хүслийг өгчихөөд Өөрийгөө нуучихдаг харгис Нэгэн биш. Бид Түүний агуу хайрыг таньж мэдэх бүрэн боломжтой. Тэр бидний зүрхэнд Өөрийг нь таньж мэдэх гэсэн цангааг өгсөн бол Тэр Өөрөө тэрхүү цангааг гарцаагүй тайлж өгнө. Дуулал номд энэ тухай өгүүлэхдээ “Учир нь цангасан хүнийг Тэрээр хангалуун болгож, Өлссөн хүнийг сайн зүйлсээр дүүргэдэг билээ” (Дуулал 107:9) гэсэн байдаг. Давид хаан “ЭЗЭН сайн гэдгийг амсацгаа, үзэцгээ! Дотор нь хоргоддог нэгэн юутай ерөөлтэй вэ!” (Дуулал 34:8) гэсэн. Тиймээс бид өөрсдийн дотор буй энэ цангааг тайлах уу эсвэл ангасан чигээрээ алхсаар байх уу гэдэг сонголт бидний гарт. Таны энэ цангааг Бурхан л тайлж чадна. 
Та Бурханыг таньж мэдэхийг хүсэж байна уу? Тэгвэл өвдөг өвдөг сөгдөөд үүнийгээ Бурханд хэлээрэй. Тэгээд Библиэ гартаа бариад Иохан номоос эхлэн уншаарай. Энэ номоор дамжуулаад та энэ дэлхийд хүмүүн болон ирсэн Бурхан Хүүг таньж мэдэх болно. Тэр танд мөнхийн улсад хүргэх замыг зааж өгөх болно. Энэ бол үнэхээр сайхан мэдээ.