ИРЭЭДҮЙТЭЙ ХЭРХЭН НҮҮР ТУЛАХ ВЭ?

ИРЭЭДҮЙТЭЙ ХЭРХЭН НҮҮР ТУЛАХ ВЭ?

Чиний өмнө тэргүүлэн явагч Нэгэн бол ЭЗЭН юм. Тэр өөрөө чамтай хамт байх бөгөөд чамайг орхихгүй, чамайг хаяхгүй. Бүү ай, бүү зүрхшээ! гэлээ.  Дэд хууль 31:8


Шинэ он гараад удаагүй байтал нэг шөнө өмнө тань гэрэлтсэн хувцастай тэнгэрэлч зогсоод “Чиний өмнө тэргүүлэн явагч Нэгэн бол ЭЗЭН юм. Тэр өөрөө чамтай хамт байх бөгөөд чамайг орхихгүй, чамайг хаяхгүй. Бүү ай, бүү зүрхшээ!” гэж хэлвэл та яах вэ? Та “энэ жил надад юу тохиолдох бол” гэж айх уу? Магадгүй та дотроо арай ч тийм юм болохгүй байлгүй дээ гэж бодож болох юм. Тийм ээ, танд тэнгэрэлч үзэгдэхгүй байж болно. Гэхдээ энэ үг Библи дээр хэд хэдэн давтагддагийг бүү мартаарай. 
Энэ үгийг Бурханы амласан Канаан газар руу орохоор бэлдэж байсан Израильчуудад хандан Иошуа хэлсэн. Хэрвээ та Есүс өчигдөр ч, өнөөдөр ч, мөнхөд хэвээрээ гэдэгт итгэдэг бол энд гарч буй гурван амлалт, хоёр тушаалыг анхааралтай уншаарай.
Амлалт #1: Эзэн өмнө чинь тэргүүлэн явна. 
Амлалт #2: Эзэн чамтай хамт байна!  
Амлалт #3: Эзэн чамайг хэзээ ч орхихгүй, хаяхгүй.
Бид энэ гурван амлалтыг хүлээн авсан бол дараах хоёр хариу үйлдлийг үзүүлэх ёстой. 
Бүү ай, бүү зүрхшээ. Бид өмнө нь үзэж туулаагүй эсвэл өөрсдийн ойлгож чадахгүй зүйлтэй нүүр тулахдаа айж зүрхшээдэг. Бурхан бидэнтэй хамт байгаа, биднийг хэзээ ч орхихгүй гэдгийг мэдэхгүй бол би л лав нөхцөл байдлаасаа үхтлээ айх байсан. Нөгөөтэйгүүр зүрхшээнэ гэдэг заримдаа айхаас ч илүү аюултай. Яагаад? Учир нь бид аливаа зүйлээс зүрхшээж эхлэхдээ Бурхан бүхнийг хянаж байгаа гэдгийг мартдаг. 
Та урам зориггүй болж урдах замаасаа зүрхшээж байна уу? Тэгвэл та өөртөө “Миний амьдралд юу ч тохиолдсон Бурхан итгэмжит учраас би болон миний гэр бүл Эзэнд л үйлчлэх болно” хэмээн тунхаглаарай. 
Хэрвээ бидний амьдралд хандсан Бурханы төлөвлөгөөнүүдийг мэддэгсэн бол бидний амар амгалан, сэтгэл хангалуун байдлыг булааж чадах зүйлс энэ дэлхий дээр маш цөөхөн байх сан.