Өлсгөлөн арслангуудын дунд шөнийг өнгөрүүлсэн нэгэн: ДАНИЕЛ

Бидний өнөөдөр үзэх энэ түүхийг бид Ариун Библийн Даниел номын 6-р бүлэг дээрээс унших боломжтой юм. Даниел бага залуу насандаа дайн тулааны үеэр төрсөн нутаг төрөл садангаа орхиж Вавилоны нутагт цөлөгдөн ирсэн юм. Тэр үед цоо шинэ улс орон, цоо шинэ ард түмэнтэй нүүр учирч байсан Даниел харин энэ удаад цоо шинэ хаан, цоо шинэ засгийн газартай нүүр тулж, тэдэнд өөрийгөө батлан харуулах шаардлагатай болсон юм. Даниелын амьдрал байнгын зөрчил тэмцэл дунд өрнөсөн боловч түүнийг өтөл насанд хүртэл нь хэзээ ч хөдлөшгүй ганхашгүй байж ирсэн цорын ганц зүйл бол түүний Эзэн Бурхан байсан юм. Тэр бол цорын ганц үнэн Бурхан, орчлон ертөнцийг Бүтээгч юм. Тэгвэл Даниел яагаад өлсгөлөн арслантай нүхэнд хаягдах болсон тухай болон түүнд юу тохиолдсон тухай одоо хамтдаа хүлээн авч сонсоцгооё. Энэ түүхийг бидэнд Даниелын итгэлт зарц, шадар хүн нь болох Елам өгүүлэх болно.