Бурхантай барилдсан нэгэн: ИАКОВ

Худалч, хуурамч, зальтай, мэхтэй энэ бол Иаковыг тодорхойлох тодорхойлолт. Өнөөдөр бид хамтдаа Библийн Эхлэл номоос Иаковын түүхийг үзэх болно. Эхлэл номын 32-33-р бүлэг дээр гарах энэ түүх Бурхан заль мэхтэй Иаковыг хэрхэн Өөрийнхөө дуулгавартай дагалдагч болгосон тухай өгүүлэх болно. Иаков бол Абрахамын хүү Исаакийн отгон хүү, ээжийн хайртай хүү байсан. Түүний ах буюу Исаакийн ууган хүү Есавын ууган хүүгийн эрхийг Иаков өөрийнхөө эхтэй хуйвалдан байж булааж авсан. Шунал болон атаархалдаа автсан Иаков төрсөн ахынхаа ууган хүүгийн эрхийг хулгайлсан юм. Тэр хараа муутай эцгийгээ хуурч мэхлэн ахыг нь ерөөх ёстой байсан тэр ерөөлийг өөр дээрээ авсан юм. Ийм зальтай, хорон муу хүнийг Бурхан Өөрийнхөө төлөө хэрэглэнэ гэж үү? Бурхан Иаков шиг хүнийг уучилдаг гэж үү? Ийм хүн хэрхэн Бурханыг дуулгавартай дагадаг дагалдагч болох вэ? Өнөөдрийн түүх бидэнд энэ асуултын хариултыг өгөх болно. Иаковын хайртай эхнэр Рахел бидэнд өөрсдийнхөө амьдралд тохиолдсон түгшүүртэй боловч гайхамшигтай аяллын талаар өгүүлэх болно.