2 Петр 3:1-6

Өнгөрсөн хичээлээрээ бид 2 Петр номын 2-р бүлгийг дуустал үзсэн. Ингэхдээ бид чуулганыг хувийн ашиг хонжооны ашиглахыг зорьдог хуурамч багш нарын талаарх сэрэмжлүүлгийг хүлээн авсан. Тэгвэл хамтдаа энэ цагт 2 Петр 3-р бүлгийг үзэцгээе. 2 Петр 3-р бүлгийг бид ерөнхийд нь 3 том хэсэг болгон ангилж болно. Эхний хэсэгт Эзэн Есүсийн дахин ирэлтэд бид хэрхэн хандах тухай өгүүлсэн байдаг бол хоёр дахь хэсэгт энэ дэлхийд хандсан Бурханы төлөвлөгөөний талаар өгүүлсэн байдаг. Харин гурав дахь хэсэгт итгэгчдийг уриалсан уриалга гардаг. Ингээд хамтдаа эхний хэсэг буюу Эзэн Есүсийн дахин ирэлтэд бид хэрхэн хандах тухай үзэцгээе. Эзэн Есүсийн дахин ирэлтэд хэрхэн хандаж байгаагаар нь бид хуурамч багш нарыг ялгаж таньж чадах юм.