2 Петр 2:7-11

ёс зарчимгүйчүүдийн садар явдлаар дарамтлагдсан зөвт Лотыг аварсан юм бол, (тэдний дунд амьдрагч тэрхүү зөвт хүн өөрийн харж, сонссон тэдний ёс бус явдлаас болж зөвт сэтгэл нь өдрөөс өдөрт шаналан зовж байсан тул) (2 Петр 2:7-8)
Петр энд Лотын тухай хэлэхдээ “ёс зарчимгүйчүүдийн садар явдлаар дарамтлагдсан зөвт Лот” гэсэн байна. Энд гарч байгаа “дарамтлагдсан” гэдэг Грек үг нь “катапонео” гэсэн үг байдаг. Махчилж орчуулбал утга нь “хүнд хүчир ажлаас болж ядрах, тарчлах” гэсэн утгатай үг. Эндээс аваад үзэх юм бол Лот Содом Гоморра хотынхны ёс бус садар самуун явдлаас болж дотроо шаналж, тарчилж байсан гэсэн үг. Тэр хэзээ ч тэнд аз жаргалтай амьдарч чадаагүй. Лотын талаар Петрийн ийнхүү өгүүлсэн нь маш чухал юм.  Эхлэл номон дээрээс харах юм бол Лот Содом хотыг сонгож очоод тэнд амьдарч, улс төрийн карьер хүртэл хөөж байсан. Гэхдээ хэдий тийм ч Лот тэр хотынхонтой адил садар самуун амьдралтай нэгэн байгаагүй. Тиймээс ч Бурхан түүнийг зөвт бус хүмүүстэй хамт сүйрэхийг зөвшөөрөөгүй. Бурхан Өөрийнхөө бурханлаг хүмүүсийг хэрхэн аварч чаддагийг бидэнд ойлгуулахын тулд Петр Лот Содом хотын сүйрлээс хэрхэн аврагдсан түүхийг бидэнд сануулж байна.