ГЭРЧЛЭХ ТУСАМ БИДНИЙ ИТГЭЛ АМЬД БАЙДАГ

I / 03

ГЭРЧЛЭХ ТУСАМ БИДНИЙ ИТГЭЛ АМЬД БАЙДАГ

Бүх зүйл шошготой, тэмдэгтэй байдаг. Түүн дээр бүх зүйлийн найрлага, орц гэж бий. Тэрийг харж байж, “энэ надад хэрэгтэй юм байна, хэрэггүй юм байна” гээд аливаа бараа бүтээгдэхүүнийг авахдаа ингэж сонголтоо хийдэг. Наад зах нь, бид хувцас авахдаа хүртэл өөрсдийнхөө размерыг мэдэж байж авдаг. Үүнтэй адилхан, бид Бурханы талаар бусдад гэрчилж, Бурханы талаар бусдад ойлголтыг өгч байж хүмүүс Бурханы талаарх гайхамшгийг ганцхан би биш, бүр олон хүн энэ гайхамшгийг авч, эдэлж ивээгдэхийн тулд бид гэрчлэлийг хийдэг.
Бид гэрчлэлийг хийснээрээ өөрсдийнхөө хувийн амьдрал, хувь зан чанараа дэлгэж байгаа юм биш, яг надтай адилхан амьдралын зовлон зүдгүүрийг туулаад явж байгаа хүмүүс миний амьдралын Бурхантай давж туулсан гэсэн энэ гэрчлэлийг харахдаа урам зоригийг аваад нэг хүн ч гэсэн амьдралаасаа тэр хүнд хэцүү байдлаа даван туулах гайхамшигтай үр ашигтай байдаг. Тийм учраас та нэг л гэрчлэл ярьж байгаа юм шиг мэт боловч үүний ард та маш олон гэр бүл, маш олон хүний амь амьдрал, зүрх сэтгэл, сүнсэнд хүрч байгаа гэдгийг санаад илүү гэрчлээсэй гэж хүсэж байна.
“Хүн хүнээ хурцалдаг, хутга хутгаа ирлэдэг” гэж ярьдаг. Бид бусдын ярьсан, бусдын туулаад гарсан, Бурхан түүнд тусалсан дэмжсэн тэр гэрчлэл түүхийг сонсохдоо бид хүнд хэцүү байдал, асуудалд орохдоо давж гарч чаддаг. Тийм учраас бүр илүү Бурханыг гэрчилж, илүү их ивээл аваасай гэж та бүхнийг уриалж байна.
Өчигдрийн ялалт өнөөдөр байдаггүй гэдэг. Өчигдөр, өнгөрсөн оны, өнгөрсөн үеийн ялалтыг өнөөдөр яриад байна гэдэг боломжгүй. Гэхдээ л тэр ялалт бол ялалт байсан нь үнэн. Харин өнөөдөр бол өөр болчхож байгаа юм. Бид цаг хугацаа, орон зай бүхий ийм нийгэм, ийм дэлхий дээр амьдарч байна.
Заримдаа гэрчлэл хийгээд тухайн үедээ эрч хүчтэй байж байгаад, эргээд дараа нь унах бүдрэх тохиол байдаг. Магадгүй итгэгч нар “Би энийг гэрчилчихсэн. Гэтэл би одоо ингээд уначихлаа. Одоо би бараг хэнд ч хэрэггүй амьтан боллоо” гэж боддог. Гэхдээ үгүй шүү дээ. Библийн баатруудаас харж болно. Жишээлбэл Мосе, Иосеф, Давид хаан байна. Хамгийн агуу, Израилийн хамгийн хүчирхэг хаан Давид нэг хэсэг мандан бадарч байсан. Дүүгүүр чулуугаар Голиатыг яаж унагаж байсан билээ. Гэтэл дараа нь зүгээр л эмэгтэйн өмнө бүдрэлд орсон. Гэхдээ л эцэст нь Давид хаан босож ирсэн. Давид хааны Дуулал ном бол тэр чигээрээ Давид хааны гэрчлэл байгаа. Түүндээ унаж байгаагаа ч гэрчилж, босож ирснээ ч гэрчилдэг. Бүх талаараа ЭЗЭНийг гэрчилдэг.
Тэгэхээр бид гэрчлэлийг хийх тусам бидний итгэл амьд байдаг. Гэрчлэл хийхэд бидэнд ирдэг үр ашиг юу вэ гэхээр
1.    Итгэл амьд байдаг.
2.    Бид унахад ухаарах боломжийг өгч байдаг.
3.    Бусдын өмнө хэн бэ гэдгээ тодорхойлсон учраас хүн гэдэг амьтан, хүний сэтгэлзүй гэдэг зүйл өөрийгөө бусдад хэрхэн танилцуулж тодорхойлсноороо эргээд тэр чадвартаа тэмцэж байдаг учраас бид гэрчлэлийг хийсэн нь бидний итгэл, бидний сүнс, бидний амьдрал, бидний зан чанарт бүр илүү ашгаа өгдөг учраас илүү их гэрчлээсэй гэж хүсэж байна.
"Улиастай" Христийн чуулганы пастор Л.Доржлхам