ГЭРЧЛЭЛ ГЭЖ ЮУ ВЭ?

IX / 27

ГЭРЧЛЭЛ ГЭЖ ЮУ ВЭ?

Сайн байцгаана уу, итгэлийн ахан дүүс ээ!
Христитгэгч бидний хувьд өөрсдийнхөө итгэлийн амьдралыг гэрчилж Бурханы нэрийг алдаршуулах нь туйлын чухал байдаг. Тийм ч учраас Библийн олон хэсэгт “Би Эзэний үйлсийг тунхаглах болно”, “Би үндэстнүүдэд, ард түмнүүдийн дунд Бурханы агуу ажил үйлсийг тунхаглах болно” гэх мэтчилэн эшлэл олон байдаг. Мөн Шинэ Гэрээнд ч гэсэн Эзэн Есүс Христийн нэрээр хийгдсэн, олон агуу Бурханы ажлын талаар гэрчлэлүүд байдаг. Тэгэхээр юуны түрүүнд, гэрчлэл гэж юу юм бэ гэдгээс өөрсдийнхөө гэрчлэлийн амьдралыг эхлэх нь зүйтэй болов уу гэж миний хувьд бодож байна.
Олон хүн гэрчлэл гэж юу вэ гэдэг дээр тодорхой ойлголтгүйгээсээ болоод гэрчлэлд хойрго хандах, Эзэний нэрийг гэрчлэхээс зайлсхийх, өөрөөсөө ичих, өөртөө итгэлгүй байх, эсвэл Бурхан миний амьдралд тэр хүний амьдралд хийсэн шиг онцгой том ажил хийгээгүй учраас би ч одоо юугаа ярих вэ дээ гэсэн байдлаар, хэт аль нэг тал руугаа туйлширч хандах хандлагууд итгэгч нарын байр байдлаас нилээдгүй харагддаг юм.
Гэрчлэл гэдэг бол Бурхан миний амьдралд юу хийснийг бусдад хуваалцах явдал юм гэж хамгийн энгийнээр бид ойлгох боломжтой. Ер нь бид Библиэс харах юм бол, Библи дээрх итгэлийн баатруудын амьдралыг судлаад үзэх юм бол, тэдний амьдралд Эзэн юу хийснийг, тэд энэ хорвоод, эргэн тойрондоо, нийгэмд, гэр бүлдээ, анд найз нөхөд, хамаатан саднууддаа хуваалцаж, тунхаглаж байсан. Энэ л үнэндээ, Бурханы нэрийг гэрчилж буй явдал юм.
Тийм болохоор, өнөөгийн христитгэгч бидний хувьд, орчин үеийн энэхүү нийгэмд хүмүүс Бурханы ажил үйлсийн талаар төдийлөн бодохгүй байгаа энэ үед бид миний амьдралд, бидний амьдралд, таны амьдралд хийсэн Эзэний хийсэн тэр агуу ажлуудыг бусдад таниулан ярьж гэрчлэх нь туйлын чухал.
Ингээд гэрчлээд ярингуут дараагийн нэг асуулт гарч ирдэг. Зарим хүмүүс бас тэгж асуудаг. “Байнга гэрчлээд байх юм бол бусдад амьдралаа тайлагнаад байгаа явдал биш үү? Би амьдралаа хүн болгонд тэгж яриад байх нь хэр зөв зүйтэй юм бэ?” Тэгэхээр би бас л сая ярьсантайгаа холбогдуулаад та бүхэнд хэлэхийг хүсэж байна.
Нэгд, би өөрийнхөө амьдралыг ярихын тулд энийг би яриагүй.
Би энийг Бурханыг алдаршуулахын тулд ярьж байгаа юм.
Хоёрт, үнэхээр миний амьдралд Бурхан ажлаа хийгээд, намайг эдгээсэн, намайг чөлөөлсөн, миний амьдралын хүнд үед надад тусалсан, миний зан хандлагыг өөрчилсөн гэх мэтчилэн зүйлс байгаа үед үнэхээр энэ бүгдийг бид хэн нэгэнтэй хуваалцаж ярихгүй байж чаддаггүй.
Тэгэхээр гэрчлэл хуваалцана гэдэг бол Ариун Сүнсээр дүүрэн байгаагийн нэг үр жимс, үнэхээр Ариун Сүнстэй хүн өөрийн эрхгүй Бурхан өөрийнх нь амьдралд хийсэн ажлуудыг бусдад хуваалцаж байдаг юм.
Хэрвээ танд өнөөдөр гэрчлэл хийх хүсэл төрөхгүй байгаа бол та энэ талаар нэг бодоод үзээрэй.
Мөн магадгүй өнгөрсөн хугацаанд Бурхан таны амьдралд юу хийснийг та зүгээр системтэйгээр бодоод, дэвтэр дээрээ жагсаалт гаргаад бичээд үзээрэй.
Магадгүй энэ үед Ариун Сүнс таны дотор ажлаа хийж, Эзэн таны амьдралд юу хийснийг илүү тодорхой харуулах байх аа гэж бодож байна.
Мэдээж, бид өдөр болгон гэрчлэл ярина гэдэг нэг ойлголт, бид сард нэг удаа гэрчилнэ гэдэг бас нэг ойлголт, бас жилдээ 2-3 удаа Эзэний, миний амьдралд хийсэн ажлуудыг гэрчилнэ гэдэг бас өөр ойлголт байдаг. Тэгэхээр гэрчлэл гэдэг бол зөвхөн гайхамшгийн тухай яриа юм гэж ойлгодог, энэ ойлголтоосоо болоод олон итгэгч “Үнэндээ надад гэрчлэл байхгүй. Би юугаа гэрчлэх вэ дээ” гэж хэлэх гээд байдаг, бодоод байдаг.
Гэтэл гэрчлэл гэдэг бол зөвхөн өвчин эдгэрсэн, мөнгөгүй байж байгаад мөнгөтэй болсон, эсвэл шорон оронд явж байгаад түүнээсээ гарсан, эсвэл аймаар ямар нэгэн гаж зүйлд донтсон байж байгаад тэрнээсээ чөлөөлөгдсөн тухай л биш юм. Мэдээж, энэ мөн.
Гэхдээ энэнээс гадна, миний хандлагыг өөрчилсөн, надад амьдралын ухааныг ойлгуулсан, надад бусадтай харилцах харилцаанд минь өөрчлөлт өгсөн, мөн надад өөрийнхөө хийж байгаа ажил үйлстээ, амьдралдаа ултай суурьтай, мэргэн ухаантай хандахад хүргэсэн амьдралын жижиг, жижиг нугалаанууд бидний амьдралд Бурханаар бичигддэг шүү дээ. Энэ бүгдийг харж ойлгож, энийг бид ухаалаг арга замаар гэрчлэх нь хамгийн сайн гэрчлэл юм болов уу гэж би хувьдаа боддог. Заримдаа бас хүмүүс тэгж асуудаг. “Олны өмнө гэрчилмээргүй байна аа. Олны өмнө бас яримааргүй байна. Ярих зүйл ч гэж байна, ярихгүй зүйл ч гэж байна. Тэгэхээр ийм тохиолдолд яах вэ?” гэж асуудаг. Тийм ээ, нэг талаар тийм юм.
Өнөөдөр сүм чуулганууд цуглахгүй байгаа үед бид олны өмнө гарч яриад, гэрчлэл яриад байх боломж төдийлөн арга байна. Гэхдээ өнөөдөр бид сошиал онлайн орчинд амьдарч байгаа учраас хүн болгон энэ нийгэмд, эргэн тойрондоо өөрсдийнхөө юу бодож, юунд үнэ цэн өгч яваа, юунд шаналж, юунд бас баярлаж яваа тал дээр өөрсдийнхөө зүрх сэтгэлийг бусдад хуваалцах бүрэн нээлттэй боломжууд байдаг. Тэгэхээр ямар гэрчлэлийг хэзээ, хаана, ямар хүмүүст зориулж хийх вэ гэдэг чинь бас учиртай юм. Хэрэгтэй хүнд нь хэрэгтэй зүйлийг яг хэрэгтэй үед ярина гэдэг бас мэргэн ухаан юм.
Тэгэхээр юу байгаагаа “долоон булчирхайгаа тоочно” гэж манайхан ярьдаг шиг юу байгаагаа бүгдийг нь яриад байхдаа гол нь биш, үнэхээр зовж зүдэрч явахад нь, хэн нэгэнд зөвлөгөө хэрэгтэй тэр үед нь өөрийнхөө амьдралд болж байсан, туулаад өнгөрсөн Бурханы тэр хийсэн ажлыг тухайн үед зориулаад хуваалцана гэдэг бас л гэрчлэл юм. Энэ нь өөрөө таны хувьд ч үнэ цэнтэй байх болно.
Магадгүй та зуун хүний өмнө энэ гэрчлэлийг хийгээгүй байж болно. Эсвэл мянган хүний өмнө энэ гэрчлэлийг хийгээгүй байж болно. Харин та нэгхэн тэр хүнд амьдралынх нь хамгийн чухал үед зөвлөгөө өгөхдөө өөрийнхөө гэрчлэлийг хуваалцсанаар тэр хүний амьдралаас болж тэр хүн өөрөө өөрчлөгдөөд зогсохгүй, тэр хүний эргэн тойронд байгаа олон хүнд таны гэрчлэл нөлөөлөх бас боломжтой юм. За сүүлийн өдрүүдэд олон өнгийн асуудлын талаар нийгэм нилээд хурц шүүмжлэлтэй, маргаан мэтгэлцээн дунд явж байна. Энэнтэй холбогдуулаад, жишээлбэл, өмнө нь өөрийгөө эмэгтэй гэж итгэж явсан нэгэн хүн өөрийн сэтгэлийн өвчнөөсөө эдгэрч, чөлөөлөгдөөд жинхэнэ эр хүнийхээ амьдралаар амьдарч эхэлсэн тухайгаа гэрчилсэн гэрчлэлийг би саяхан сошиал онлайнаас олж харсан. Жишээ нь тэр гэрчлэлийн тухайд, өдөр болгон тиймэрхүү гэрчлэлүүдийг сонсоод байхгүй. Гэхдээ яг хэрэгтэй, нийгэм яг энэ асуудал дээр гаргалгаа хайж байгаа, бид яах ёстой юм гэж гэж асууж байгаа яг энэ үед энэ хүний гэрчлэл нэг талаар өөрийнхөө хувийн амьдралыг, нууц тэр болгон хүмүүст дэлгээд баймааргүй зүйлээ дэлгэж байгаа боловч энэ нь олонд, олон залуучуудад хэрэгтэй гэдэг утгаараа энэ хүн яг цагаа олж ярих юмаа зоригтойгоор ярьж чадаж байгаа юм.
Тийм болохоор, бид гэрчлэлийг ийнхүү бодож, мөн Ариун Сүнсний удирдамж дор хэрэгтэй хүнд хэрэгтэй үед хэрэгтэй газраа зөв арга замаар гэрчлэх нь хамгийн сайн зүйл юм шүү гэдгийг та бүхэндээ хуваалцмаар байна. Ингээд бүгдээрээ Эзэний нэрийг энэхүү амьдралдаа үргэлж гэрчилж амьдарцгаая.
Гэрчлэлийг моодонд оруулцгаая!

“Бетаны ургац” Христийн чуулганы Тэргүүн пастор Ц.Төгөлдөр