НЕСТОРЫН ХРИСТИТГЭЛТ МОНГОЛ ХАТАН СОРХОГТАНИ БЭХИ

VI / 18

НЕСТОРЫН ХРИСТИТГЭЛТ МОНГОЛ ХАТАН СОРХОГТАНИ БЭХИ

Долоон зуугаад оны үед Хятадын Тан улсад тархсан Несторын Христитгэл Цагаан хэрмийг даван Онгуд аймгаар дамжиж тэдэнтэй худалдаа хийдэг Монгол аймгуудад тархаж эхэлсэн бололтой. Монголын улсын түүх номын дэд ботийн 68-р талд “Хэрэйд аймаг Христос шашин шүтдэг байсан гэж XIII зууны Сирийн нэгэн түүхч бичсэн” гэж дурджээ. Монголын Нууц Товчооноос харвал Чингис хаан Хэрэйд аймгаас нэгэн хатан өөрийн хүү Тулуйдаа авч өгсөн тухай гардаг. Тэрхүү бэр нь Монголын түүхэнд гарамгай гавьяа байгуулсан хатдын нэгээр тодрон гарч Эзэнт гүрний дөрвөн их хүүг эцэггүй хүмүүжүүлэн өсгөсөн Сорхогтани бэх билээ.
Монголын эзэнт гүрэнд хүчин зүтгэж байсан мусульман түүхч Рашид-ад-Дин бээр Сорхогтани бэхи хатны талаар “Есүсийн сургаалыг дагагч, чин итгэлт сүсэгтэн ” хэмээн дурдсан байдаг. Түүний Судрын чуулган номын 144-145-р талд:
“Тэр хэдийгээр загалмайтны шашныг шүтэгч байсан боловч лалын (шүтээн) Мухаммедын жаягийг амжуулахад дөхөм болохыг маш их хичээдэг...орчин тойрон ба мужуудад байнга л өглөг илгээдэг байсан мөн лалын сүсэгтэн гуйлгачин ба ядуусыг тэжээхэд зориулан эд хөрөнгөө зарцуулсаар байлаа” гэж дурдсан байна.
Тэрээр хууль дүрмийг чандлан сахиж, гэр бүлийн нэр хүндийг өндөрт өргөсөн төдийгүй Түүний хамгийн том гавьяа нь хөвгүүдээ нэр төртэйгөөр хүмүүжүүлсэн явдал байдаг. Өгөдэй хаан түүнийг бага хүү Гүюгтэй суулгахыг хүссэн боловч, ухаалгаар татгалзсан төдийгүй эелдэг, өгөөмрөөр ордныхон дунд алдаршиж, хүндэтгэл хүлээсэн. Түүний зорилго нь хөвгүүдээ Их засаг хуулийг чандлан сахихад сургаж, нэгэн өдөр хаан ширээг залгамжлахад бэлтгэх явдал байсан аж.28 Бурхан түүний тавьсан зорилгыг биелүүлж дөрвөн хүү нь их бага хаад (Мөнх, Хубилай, Хүлэгү, Аригбөх) болсон. Жүвэйни энэ хатныг “өөрийн гэр орныг удирдан зохион байгуулах, ордны ёс жаягийг дагаж мөрдөх тал дээр энэ дэлхийн өөр ямар ч хааны тавьж чадаагүй үндэс суурийг нутаг нэгтэн хийгээд харийнханд тавьж өгсөн юм ” гэж дүгнэжээ.