ОРЧИН ҮЕИЙН МОНГОЛЫН ХРИСТИТГЭЛ (1990-ОДОО)

VI / 18

ОРЧИН ҮЕИЙН МОНГОЛЫН ХРИСТИТГЭЛ (1990-ОДОО)

1990 оны Ардчилсан хувьсгал Монголд шашин шүтэх эрх чөлөө авчирсан. Монголын Эзэнт гүрэн анх байгуулагдахаас өмнө тал нутагт орж ирсэн Христитгэл, түүхийн янз бүрийн нугачаанд Монголчуудын хувь заяатай холбогдож явсаар өнөө үед бидэнтэй золгожээ. Дагтаршсан Буддын шашны нөлөө, коммунизмын хүчтэй шуурганд зөөлөрч хүн ард маань амьдралын жинхэнэ утга учрыг өнгө мөнгөтэй зэрэгцүүлэн эрж хайх үед Бурхан Монголчуудын зүрх сэтгэлийг тогшихоор шийдсэн нь лавтай. Энэ олон тооны өөрчлөлтийн хамтаар нэг ч Христитгэгчгүй байсан Монгол оронд олон мянган итгэгчдийг нэгтгэсэн Христийн чуулган үүсэж бий болжээ.
Христитгэлийн энэ хурдацтай өсөлтөд маш олон хүчин зүйлсийг тодорхойлон гаргах боломжтой. Юуны түрүүнд амьдралыг өөрчлөх чадвартай Эзэн Бурханы Сайн мэдээний хүч чадлыг дурдах нь зайлшгүй. Мөн үүнээс гадна 1972 оноос хойш орчуулж байгаад 1990 оны 7-р сард болсон БНМАУ-ын анхны чөлөөт сонгуулиас 13 хоногийн дараа 5000 хувийг хэвлэн Гонконгоос тээвэрлэж авчирсан Жон Гиббенсийн Шинэ гэрээний утгат орчуулга болоод Кампус Крусэйд фор Крайст байгууллагын “Есүс” кино зэрэг нь огцом өсөлтийн амин чухал хэрэглүүр болсон байдаг.54 Мөн янз бүрийн орны илгээлтийн эзэд Сайн мэдээг хуваалцахаар хүрэлцэн ирж, Христийн чуулган тарихад гол анхаарлаа төвлөрүүлсэн нь маш сайн стратеги байсан гэж дүгнэж болох юм.
Түүх, ахуй соёл, уламжлалаа эрхэмлэн дээдэлдэг Монголчуудын хувьд Христитгэл энэ бүхнийг нь эвдлэн сүйтгэнэ гэж сэжиглэнгүй хандаж байсан нь мэдээж. Гэвч гадаад ертөнцтэй холбогдох, хэл сурах, амьдралын нөхцөл байдлаа дээшлүүлэх боломж гэж Христитгэлийг харж байсан залуучуудыг зогсоох боломж байсангүй. Харин өнөөдөр Христитгэлээр төлөвшсөн залуу үе маань нийгмийн гажуудлыг өөрчлөх, ядуу дорой, өвчтэй, тахир дутуу хийгээд шоронгийн хоригдол, нийгмийн дорд давхраа аль нь ч байсан тэдэнд хүмүүний үнэ цэнээр хандах чадвартай шударга түвшин иргэд болжээ. Монголын Христитгэл ч удирдлага, бие даасан байдал, өөрөө хөгжих хэлбэртээ орсон үндэсний хэв шинжээ бүрэлдүүлэн тогтож эхэлсэн. Эдгээр залуу, боловсон, хүчирхэг үеийн дотор Монголын Христитгэлийн түүхийг эргүүлэн авч явах гайхалтай хүмүүн хэдэн зуугаараа бий гэдэгт Есүс Бурханыхаа нэр доор итгэлтэй байна.

"Библийн сургалтын төв"-ийн захирал Г.Лувсангомбо