УЛС ОРНЫХОО ТӨЛӨӨ ЗАЛБИРАХ

VIII / 13

УЛС ОРНЫХОО ТӨЛӨӨ ЗАЛБИРАХ

Улс орныхоо төлөө Христитгэгчид бид ямар байр суурьтай байх ёстой вэ? Христэд итгэгч удирдагчид, ялангуяа пасторууд энэ тал дээр ямар байр суурь илэрхийлэх ёстой вэ гэдэг асуудал бидэнд зайлшгүй тулгардаг. Энэ тал дээр удирдагч бүхэн өөрсдийн байр суурьтай нь мэдээж хэрэг. Харин миний хувьд хэрхэн залбирах вэ гэдэг асуудал илүү ач холбогдолтой мэт санагдаж байна. 

Малайзын хамгийн том урсгал болох Методистын тэргүүн бишоп Хуа Юнгийн бичсэн Азид сайн мэдээ хэрхэн явагдах вэ гэдэг номыг уншиж байхад нэгэн хэсэг өөрийн эрхгүй нүдэнд туслаа.
“Азийн удирдагчид Барууны хүч чадлыг маш тодорхой хүлээн зөвшөөрдөг. Тэд шинжлэх ухаан, технологи, эдийн засгийн амжилтыг нь даган дууриахыг хичээдэг... “ гэх мэт Барууны болон Азийн соёлын ялгаатай тал Азийн улс төрийн удирдагчид Баруун соёлоос авахыг авч, гээхийг гээх тал дээр бодолцож байдаг тухай бичингээ сайн засгийн газрын талаар дүгнэсэн нэгэн эрдэмтнээс жишээ татжээ. Тэрбээр "Сайн засаглал гэдэг бол Барууны голлон анхаарч буй ардчилал, хүний эрх гэдэг шалгуураар л тогтогдоохгүй. Үүн дээр Азийн хөгжиж буй орнуудын нийгэмд тулгарч буй зайлшгүй хөгжих хэрэгцээтэй уялдаж  
1) улс төрийн тогтвортой байдал, 
2) холч ухаантай, авъяас чадвартай хүмүүс дээр суурилсан зөв засаглал, 
3) санхүүгийн хямгач байдал, 
4) авилгал, завхралыг харьцангуй бууруулалт бүхий байдал орно
" гэжээ. 
Тийм болохоор энэ удаагийн залбиралдаа дээрх бурханлаг бишопын дүгнэлт дээр үндэслэн залбирахаар шийдэв. 
Монгол орны одоогийн засгийн газар хэлбэршлээ олох гэж, бас зөв хөгжлийн гарцыг хайж буй тун бэрхшээлтэй энэ түүхэн цаг үед 
1) Улс төрийн тогтвортой байдал (янз бүрийн хувийн ашиг сонирхлын улмаас тогтворгүй байдал бүхий нөхцөл үүсэх вий гэдгээс болгоомжлох)
2) Холч ухаантай, удирдах авъяас билэгтэй, хувийн хорон ашиг сонирхлоо биш нийтийн, ядуу, бэрхшээлтэй ард түмнийхээ нөхцөл байдал, ирээдүйг харж чадах удирдагчид сонгогдох
3) Энэ Монгол улсад хамааралтай ирээдүй болон одоо орж ирж буй санхүүг ухаалгаар, арвич хямгачаар ард түмнийхээ төлөө шударгаар зарцуулахын төлөө
4) Хувиа бодсон, аминч, ард түмэндээ хорон үйлдэл, удирдагч, төрийн албан хаагчид, бизнесменүүд маань гаргахгүй байхын төлөө

Ийм залбирлаар Эзэний өмнө очих нь зохистой мэт санагдлаа. Дараа нь тодорхой завшаан тохиолдвол Библи дээр үндэслэсэн залбиралын сэдэв тавих санаа байна. Энэ удаа ном дагасан залбиралын сэдэв болж байх шиг байна. Улс орныхоо төлөө залбирна гэдэг Эзэнд тааламжтай анхилам өргөл болно биз дээ.